Яармагийн “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн 952 өрх зургаан жил орон байргүй түрээсээр амьдарч байна

Д.Халиунаа
2026-09-02

2021 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын захирамжаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо буюу яармаг орчмын “Е” хэсгийн 39.9 га талбай газрыг дахин төлөвлөлтөд оруулахаар чөлөөлж, Ерөнхий гүйцэтгэлийг “Андын Зам Констракшн” ХХК хийж эхэлжээ. Гэсэн ч төдийгөөс өдийг хүртэл бүтэн зургаан жил өнгөрсөн ч төслийн гүйцэтгэл дуусаагүй байгаа тул газар, байшингаа өгсөн 954 өрх орон сууцгүй, түрээсийн байр дамжин амьдарч байна. 

Эдгээр иргэдийн төлөөлөл болох өрх толгойлсон хоёр эмэгтэйн түүхийг онцолж байна. 

Б.Эрдэнэцэцэгийн гэр бүл 

  • Дөрвөн хүүхдийн ээж Б.Эрдэнэцэцэгийн гэр бүлд 2021 оны тавдугаар сард газраа чөлөөлөх мэдэгдэл иржээ. Тухайн ажлыг хариуцаж явсан нэгэн эмэгтэй “Танайд өвчтэй хүн байгаа юм чинь хурдан нүүгээрэй. Танайхаас бусад нь зөвшөөрсөн тул бусдадаа саад учруулсан рэхгээр шүүхэд хандана шүү” гэж шавдуулсны улмаас Б.Эрдэнэцэцэг хүнд өвдсөн нөхрөө дөрвөн хүүхдийн хамт хөтлөн эгчийндээ очжээ. Ингээд харамсалтайгаар тус оны зургаадугаар сард нөхөр нь хорвоог орхисноор өрх толгойлсон ээжийн амьдралаар өдийг хүртэл амьдарч байна. Газраа чөлөөлж өгөх үед “Андын Зам Констракшн” ХХК 2023 оны эхний улирал гэхэд байранд нь оруулна гэж ам гарч байжээ. Энэ цагаас хойш зургаан жил өнгөрсөн ч тус байранд 2024 оноос хойш ямар ажил хийгээгүй талаар ярилаа. Энэ хугацаанд Б.Эрдэнэцэцэг дөрвөн удаа нүүсэн ба хүүхдүүдээ бодсоны үндсэн дээр нэг ч удаа сургуулиас нь шилжүүлэлгүй зөөсөөр ирсэн талаараа дурслаа.

Бүтэн видео сурвалжилга үзэх 

Б.Оюунзулын гэр бүл

  • Б.Оюунзул 2021 онд нөхөр таван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Харин газраараа чөлөөлж өгснөөс хойш санхүүгийн хүнд нөхцөлд орж, 2023 онд хүүхдүүдийнхээ хамт нөхрөөсөө тусдаа амьдарч эхэлжээ. Газарт орох үед түүний том охин бага ангийн сурагч байсан бол одоо ахлах ангийн сурагч болсныг онцоллоо. Тэд энэ хугацаанд 12 удаа нүүсэн бөгөөд байрны түрээсэнд маш их мөнгө зарлагджээ. Үүнээс гадна дөрвөн хүүхдийнхээ хичээлийг салгардуулахгүй гэж бодсоны үндсэн дээр сургуультай нь ойр байр түрээсэлж байжээ. Харин том охиных нь хичээл холдоод байсан учраас энэ жил Хан-Уул дүүрэгт нүүн иржээ. Гэсэн ч зөвхөн харьяа дүүргийн асуудлаас болж бага насны хоёр хүүхдээ арай ядан бүртгүүлсэн байна. Б.Оюунзул тухайн газартаа 2002 оноос хойш амьдарсан ба хариуцлагагүй дахин төлөвлөлтийн уршгаар аавынхаа голомтыг үгүй хийсэндээ шархалж буйгаа илэрхийллээ. Мөн одоогийн байдлаар “Андын Зам Констракшн” ХХК-аас түрээсийн долоон гаруй сая төгрөгийн авлагатай боловч олгоогүй байна. 

Бүтэн видео сурвалжилга үзэх 

Яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтөөр нийт зургаан орон сууц баригдахаас гурав нь заслын ажил дээр явж байгаа аж. Гэхдээ 2024 оноос хойш ямар ч ажил хийгдээгүй байна. Харин үлдсэн гурван барилгын нэг нь зоорины давхар дээрээ зургаан жил гацсан бол нөгөө хоёр нь 9, 10 дугаар давхар дээрээ царцжээ. Иймд хохирсон иргэд гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтийг шалгаж, иргэдэд учирсан хохирлыг барагдуулахаас гадна дахин төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавиагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Хот энэ дахин төлөвлөлтөд хяналт тавих үүрэгтэй ш дэ. Хяналтаа хийгээч төрийн нэр барьсан төрийн хурган дарга нараас болж бүхэл бүтэн 6 жил нялах хүүхдээ дагуулаад гудманд шахуу амьдарч бна. Гөлөгнү

Нэмэхээ

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe