Иргэд: Өглөө, оройдоо бараг бүтэн цаг автобус хүлээж байна, өвлийн хахир хүйтэнд яана даа

Д.Халиунаа
2026-11-03

Жил бүр хүйтний эрч чангарахтай зэрэгцээд замын түгжрэл нэмэгдэж, автобусны хүрэлцээ мууддаг. Тэгвэл энэ жил ч Улаанбаатар хотод энэ дүр зураг үргэлжилсээр байна. Өдөрт ойролцоогоор 600 мянга гаруй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх тооцоо байдаг. Харин сүүлийн долоо хоногт энэ тоо бараг 100 мянгаар нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт гэхэд дөрвөн сая гаруй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар 1177 автобус иргэдэд үйлчилж байна. Гэсэн ч иргэд өглөө, оройн оргил цагаар удаан хугацаагаар автобус хүлээж байгаа тул үр дүнгээ өгөхүйц, оновчтой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна. 

Төв зам дагуу чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэгчдээс тодруулахад, багадаа 30 минут автобус хүлээдэг бөгөөд зарим тохиолдолд 1-2 цаг хүлээх тохиолдол гардаг гэлээ. Хамгийн гол нь автобус ирж байгаа ч ирсэнд нь багтахгүй өнгөрөөх тохиолдол их байгааг онцоллоо. 

Нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Дэлхийн банк болон Олон улсын тээврийн хөгжлийн бодлогын хүрээлэн (ITDP) зэрэг байгууллагууд санал зөвлөмж гаргадаг. Үүнд зөвхөн автобусны тоог нэмэхэд анхаарах бус, байгаа автобусаа илүү үр ашигтай ашиглах зохицуулалт хийхийг зөвлөдөг байна. 

  • Оргил ачааллын үед нэмэлт автобус гаргаж, үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх
  • Зорчигчдын урсгал ихтэй хэсэгт богино эргэлт хийх 
  • Зорчигчдын эрэлтэд нийцүүлэн автобусны тоо, давтамжийг зохицуулах
  • Хороолол хоорондын автобусны чиглэлийг нэмэгдүүлж, хотын төвөөр дамжихыг багасгах 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe