"Гэрт ойр сургууль" төсөл хэрэгжсэнээр нийт 18 сургууль гурван ээлжээр хичээллэхээ больжээ

З.Амирлан
2026-09-21

2026-2027 оны хичээлийн жилд “Гэрт ойр сургууль” төсөл хэрэгжиж эхэлснээр бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын ачаалал буурч бага ангийн суралцагчид гэрт ойр сургуульд суралцах боломжтой болж байна. Мөн 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсан 18 сургуулийн 7587 суралцагч гэрт ойр, хотхоны бага сургуульд хамрагдан 2 ээлжээр хичээллэх нөхцөл бүрджээ.

Энэ талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат “Засгийн газар болон Боловсролын яамнаас "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн таван дүүрэгт 21 хотхоны бага сургууль байгуулсан. Хотхоны бага сургуулиуд дээр 1, 2-р ангийн 9000 орчим хүүхэд суралцаж байна. Мөн энэ хичээлийн жилээс 1,2-р ангийн сурагчид “Тоглонгоо суралцъя” хөтөлбөрийн дагуу хичээллэж байгаатай холбогдуулан орчин нөхцөлд нийцсэн, нас, биеийн онцлогт тохирсон, тоглонгоо суралцах аргад нийцүүлсэн ширээ, сандал, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан. 

Цаашдаа эдгээр 21 сургуулиудаар хязгаарлагдахгүй, төрийн өмчийн нийт 700 гаруй сургуулийн 1-р ангийн сурагчдын анги танхимыг яг ийм байдлаар тохижуулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа.

Мөн хотхоны бага сургууль нь үндсэн сургуулийнхаа салбар сургууль гэж явж байгаа учраас ямар нэгэн хувьсах зардал, нэмэлт төлбөр байхгүй. Харин түрээсийн хувьд тухайн байршил, хүчин чадлаасаа хамаараад харилцан адилгүй байна. Үүнийг төр, хувийн хэвшилтэй хамтраад зохицуулаад явж байгаа” гэлээ.

Сурвалжилга үзэх линк

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд сургуулиудын үндсэн бүлэг дүүргэлтийн дундаж өнгөрсөн жил 44.34 байсныг 40.26 болгон бууруулсан бол яг тухайн гэрт ойр 21 сургуулийн байранд бүлэг дүүргэлтийн дундаж 36 хувьтай байгаа юм.

Эдгээр 21 бага сургуулийг Нийслэлийн 5 дүүрэгт төрийн өмчийн цэцэрлэгийн 5 байр, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлийн 16 байранд байгуулжээ. Үүний нэг нь БЗД-ийн 26-р хороонд байрлах 133-р сургууль юм. 

133-р сургуулийн захирал Н.Дулмаа “Манай сургууль 640 хүүхдийн багтаамжтай боловч 2200 гаруй хүүхэд суралцдаг. Үүнээс болж дунд ангийн сурагчид сургуулиасаа 3-4км зайтай 157-р сургуулийн нэг ээлжид хичээллэх эрсдэл үүссэн. Харин хотхоны бага сургууль төсөл хэрэгжсэнээр дунд ангийн 400 гаруй сурагч хичээлийн төв байрандаа хичээллэх боломж бүрдсэнд талархаж байна. Мөн цэцэрлэгийн байрыг бага сургууль болгон тохижуулсан нь 1,2-р ангийн хүүхдүүд сургуульд дасан зохицох, аюулгүй таатай орчинд суралцах боломжийг бүрдүүлж байна”

Эцэг эхийн төлөөлөл Д.Сүхжаргал “Хотхон дотроо бага сургуультай болсноор хүүхэд эрт босож, түгжрэлд ядрахгүй хичээл рүүгээ алхаад явах боломжтой болсон. Ингэснээр түгжрэл ч буурч байгаа. Мөн хотхон дотор байгаа тул аюулгүй, анги танхим нь ч тохижилт сайтай байгаа нь сэтгэлд нийцэж байна” гэлээ.

Сурвалжилга үзэх линк

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe