А бүсэд байр түрээсэлдэг ТӨК-иудыг нүүлгэж, ₮7.2 тэрбум хэмнэнэ

Г.Энэбиш
2026-09-02

ТӨК-иудын орлогын 30-аас доошгүй хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, төсвийн тодотгол болон төрийн өмчит компанийн шинэчлэлийн талаар мэдээллээ.

Түүний хэлснээр УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсвийн зардал өссөн нь багш, эмч, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмсэнтэй холбоотой гэж тайлбарлав.

Төрийн өмчит компаниудын төсөв, зарцуулалт УИХ болон олон нийтийн хяналтаас гадуур явж ирсэн тул тэдгээрийн орлогын 30-аас доошгүй хувийг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр өмнө нь компанийн удирдлагын шийдвэрээр зарцуулдаг байсан мөнгийг УИХ-аар хэлэлцүүлж, цалин, тэтгэвэр болон улсын хэмжээний төсөлд зарцуулна гэв.

Мөн ТӨК-иуд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийг нийгмийн шинжтэй ажилд зарцуулдаг зохицуулалтыг зогсооно. Энэ хүрээнд жилд 160 тэрбум төгрөгийн зарцуулалтыг төсвийн хяналтад оруулах аж.

А бүсэд байр түрээсэлдэг ТӨК-иудыг нүүлгэж, ₮7.2 тэрбум хэмнэнэ

ЗГХЭГ-ын харьяа төрийн өмчит компаниудын орон тоог 30 хувиар цомхотгож, өндөр үнэтэй оффисын түрээсийг зогсоосноор жилд 7.2 тэрбум төгрөг хэмнэнэ гэж мэдээлэв. Ашиггүй ажилладаг компаниудыг татан буулгах бодлого баримтална.

Түүнчлэн төрийн өмчит компаниудын хувьцааг иргэд шууд худалдах, арилжих боломжийг нээхээр олон улсын аудит хийлгэж байгаа аж. Харин “Оюу толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар иргэдээс санал авахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe