141-р сургууль 960 хүүхдийн багтаамжтай боловч 4300 хүүхэд суралцаж байна

З.Амирлан
2026-09-02

БГД-ийн 26-р хороо, Нарны хороололд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 141-р сургууль 960 хүүхдийн багтаамжтай. Гэвч энэ хүчин чадлаас нь 5 дахин их буюу 4300 хүүхэд суралцаж байна. Энэ жил гэхэд л нэгдүгээр ангид 420 хүүхэд элсэж, 1-3 дугаар ангийнхан хоёр дахь жилдээ 3 ээлжээр хичээллэх болжээ. 

141-р сургуулийн нэг ангид 40-45 хүүхэд хуваарилагддаг бөгөөд үүний улмаас багшийн ачаалал нэмэгдэж, хүүхэд бүрд хүрч үйлчлэх боломжгүй болох, анги танхимын агааржуулалт муудаж бүгчимдэх зэргээр хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа юм. Мөн  хичээлээс гадуурх давтлага, бие бялдар, хүсэл сонирхлоо хөгжүүлэх сургалт зэрэгт хамрагдах боломжгүй болж байна. 

141-р сургуульд БГД-ийн 20,26-р хорооны хүүхдүүд харьяалагддаг. Тодруулбал нарны хороолол болон алтай хотхоны оршин суугчдын дунд ганц улсын сургууль байгаа нь энэ. Тус сургуулийн 340 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийг алтай хотхонд барьж ашиглалтад оруулсан ч мөн л адил багтаамжаасаа хэтэрсэн сурагчидтай буюу 700 гаруй хүүхэд тус өргөтгөлд сурч байна. Тиймээс 141-р сургууль дахин өргөтгөл барилга барихаар газраа шийдүүлж, энэ жил ашиглалтад орох байсан боловч хотхоны оршин суугчдын эсэргүүцлээр барилгын ажил зогсжээ. Улмаар энэ наймдугаар сараас барилгын ажил эхэлсэн бөгөөд төсөв саатахгүй бол 2027 оны хичээлийн жилд ашиглалтад орох юм. Тухайн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэх асуудал шийдэгдэх боломжтой юм байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe