АН: 2027 оны төсвийг энэ хэвээр баталбал инфляц 15–16 хувьд хүрнэ

.Graph
2026-09-03

Ардчилсан намаас 2027 оны төсвийн төслийг сонгуульд чиглэсэн, урсгал зардал өндөртэй гэж шүүмжилж, энэ хэвээр баталбал инфляц 15–16 хувьд хүрэх эрсдэлтэй хэмээн мэдэгдлээ.

Ардчилсан нам өнөөдөр 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар хуралдаж, байр сууриа танилцууллаа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:  2027 оны төсвийг сонгуульд зориулсан төсөв болсон гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр тус нам төсвийн төслийг одоогийн хэлбэрээр нь дэмжих боломжгүйг мэдэгдэж, Засгийн газар олон төсөл зэрэг ярьж байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Эхлээд V цахилгаан станцаа барих хэрэгтэй. Гэтэл одоо VI цахилгаан станцын тухай ярьж байна” гэв.

АН-ын төлөөлөгч Ө.Шижир:  Засгийн газар 14, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан ч бодит үр дүн гараагүй гэж шүүмжиллээ. Мөн МАН-ын Засгийн газрууд сүүлийн жилүүдэд нийт ₮208 их наядыг зарцуулсан ч иргэдийн амьдрал, худалдан авах чадвар түүнтэй дүйцэх хэмжээнд сайжраагүй гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр улсын төсвийн зарлага сүүлийн арван жилд арав дахин нэмэгдэж, хоёр жилийн хугацаанд төсөв болон тодотголыг нийт долоон удаа хэлэлцсэн байна. Үүнийг төсвийн орлого, зарлагыг бодитой төлөвлөж чадахгүй байгаагийн илрэл гэж АН үзжээ.

Ө.Шижир мөн төрийн өмчит компаниудын орлогыг төсөвт төвлөрүүлэх Засгийн газрын саналыг шүүмжилж, төсвийн зардлыг бодитоор бууруулах шаардлагатайг онцлов.

“Хөрөнгөө хуримтлуулах эсвэл улс орны хөгжилд шаардлагатай нэг том төслөө бүрэн санхүүжүүлэх хэрэгтэй. ₮2 их наядын алдагдалтай төсвийг улам тэлж оруулж ирснийг хүлээн авах боломжгүй. Урсгал зардал өндөр байгаа үед төлөвлөсөн орлого төвлөрөхгүй бол түүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ” гэв.

АН-ын гишүүн З.Нарантуяа: Нийгмийн даатгалын шимтгэл татвартай адил хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байгааг хэллээ. Түүний үзэж буйгаар шимтгэлийн орлогыг урсгал зардал болгон дахин хуваарилж, төсвийн тэлэлт нь Монголбанкны мөнгөний бодлогын үр нөлөөг сулруулах хэмжээнд хүрчээ. Мөн Монголын төсвийн орлого нүүрс, зэсийн үнээс өндөр хамааралтай учраас түүхий эдийн үнэ буурвал төсвийн алдагдал нэмэгдэж, улс дампуурч болзошгүйг ч санууллаа

АН-ын төлөөлөгчид төсвөөр дамжуулан зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь үнийн өсөлтийг өдөөж, одоогийн 13 хувийн инфляцыг 15–16 хувьд хүргэх эрсдэлтэй гэж тооцож буйгаа мэдэгдлээ. Тиймээс 2027 оны төсвийн урсгал зардлыг танаж, орлогын төсөөллийг бодитой болгох, олон төсөл зэрэг эхлүүлэхийн оронд эдийн засгийн үр өгөөжтэй цөөн төслийг бүрэн санхүүжүүлэх шаардлагатай гэж АН үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe