Нийслэлийн Онцгой байдлын газраас санаачилсан “Аврагч оюутан” хөтөлбөрт 100 гаруй оюутан хамрагдлаа

.Graph
2026-09-03

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн үндэсний зөвлөлөөс санаачлан Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Оюутны холбоотой хамтран “Аврагч оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт нийслэлийн хэмжээний их дээд сургуулиудын 100 оюутан, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 40 сайн дурын идэвхтэн хамрагдлаа. 

Сургалтаар оролцогчдын гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхан шатны ойлголтыг дээшлүүлж, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эргүүл, хяналтаар ажиллах үеийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. 

Танхимын сургалт өнөөдөр буюу пүрэв гарагт эхэлсэн бол маргааш буюу есдүгээр сарын 4-ны өдөр Туул голын эхэн "Хар усан тохой"-д дадлага, практикаар үргэлжлэх юм. 

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Д.Хадбаатар

  • “Нийслэлийн хэмжээнд гамшиг ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа аялал, зугаалгын үе болох зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сар хүртэл иргэдийн болгоомжгүй байдлаас үүдсэн усны ослын тоо нэмэгддэг. Нэг тоо дурдахад, Туул гол дагуу өдөрт 5000 гаруй иргэн, 2000 гаруй автомашин зорчдог. Тиймээс энэ олон иргэдэд мэдээлэл, сурталчилгаа, заавар өгөх нь маш чухал. Хөтөлбөр нь  хамрагдсан оюутан, идэвхтнүүдийг энэ ажилд сургаж, бэлтгэх зорилготой юм. Мөн яг энэ салбарын хүний нөөц манайд маш дутмаг, хүрэлцээгүй байдаг. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд, оюутан залуус тодорхой хэмжээний анхан шатны мэдлэгтэй болж, албан хаагчдын ачааллыг бага ч гэсэн бууруулах ач холбогдолтой”

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Ц.Оюунсүрэн

  • “Сургуулийнхаа нэгдсэн хаягаас мэдээлэл харсан болохоор өнөөдөр зорьж ирлээ. Нэг жишээ ярихад, манай гэрийн ойролцоо манай ангийн хүүхэд амьдардаг байсан. Нэг өдөр гэрт нь гал гарж, гурван хүний амь эрсдэх эрсдэл үүссэн. Тухайн үед миний хийж чадах зүйл дуудлага өгөх л байсан. Гэсэн ч маш хүнд нөхцөл байдалтай байсан учраас аварч чадаагүй. Сургалтад хамрагдсанаар наад захын мэдлэгтэй боллоо. Мөн миний хувьд аялал зугаалгаар их явдаг тул мэдсэн, туршсан зүйлээ цаашид хэрэгжүүлээд явахад болохоор санагдлаа”

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe