Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар хот дундуур явж байгаа төмөр замыг хуулж, авто зам хэлбэрээр ашиглана” гэх мэдээлэл өгсөн. Энэ мэдээлэл нь иргэдийн дунд дулааны цахилгаан станцын нүүрсний тээврийн үнийг өсгөж, эрчим хүч дулааны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол дагуулсан. Нэгэн бий болсон төмөр замыг хуулж, авто зам тавина гэхээс илүү хотод хэрэгжүүлнэ гэх Трамб төслийг тус төмөр замыг ашиглан, түгжрэлийг бууруулах боломжтой ч гэж зарим иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Тэгвэл үнэхээр хот дундуурх төмөр замыг хуу татаж, авто зам болгох эсэхийг бид тодрууллаа. Төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн салбарын сайд ОХУ-д албан айлчлалтай яваа юм.
Тэгвэл энэ асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад Улаанбаатар хотын дундуурх төмөр замыг хуулж авахгүй, тус замаар нүүрсний тээвэр хэвийн явагдана. Харин маршрутын өөрчлөлт орж байгаа. Энэ нь Улаанбаатар хотын төмөр зам, авто зам огтолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хөдөлгөөн хаадаг хугацаа багасах ач холбогдолтой гэдгийг хэллээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Улаанбаатар хот дундуурх төмөр замын нийт ачаа тээврийн 80 хувийг хотын дулаан, цахилгааны станцуудын нүүрс тээвэр бүрдүүлдэг аж. Тухайлбал Улаанбаатарын цахилгаан, дулааны хэрэглээний үндсэн эх үүсвэрүүд болох ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 болон Амгалан дулааны станцын хэвийн ажиллагаанд нүүрсний тасралтгүй нийлүүлэлт чухал байдаг. 2025 онд дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 13,036.5 мян.Гкал болж өмнөх оноос 4%-иар өсчээ. ДЦС-4 гэхэд л нь нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээний томоохон хэсгийг дангаараа хангадаг бөгөөд өнгөрсөн онд 4,445 мянган тонн нүүрс хэрэглэжээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун: “Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын шинэ өртөөнөөс Толгойт хүртэлх 16км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайн төмөр зам ашиглалтад орсноор Багахангай чиглэлээс Нийслэлийн дулааны 3,4-р цахилгаан станцуудын нүүрсний тээврийг тээвэрлэх, эмээлт чиглэлээс ОХУ, БНХАУ-аас ирж буй транзит ачааг тээвэрлэх, Замын-Үүдээс ирж буй ачааг хөшигийн хөндийгөөр холбосон төмөр замаар тээвэрлэх зэргээр төлөвлөсөн” гэлээ.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигтийн хөндий хүртэл чиглэсэн энэхүү 3 дугаар зэрэглэлийн салбар төмөр зам нь 102.5 км урттай бөгөөд 1520 мм царигтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгджээ.
Сэтгэгдэл үлдээх