Дараагийнх нь чи

Б.Энхтулга
2026-09-03

Монголчуудын бахархал болсон Их Эзэн Чингис хааныг Монгол хүн биш, Монгол хүн гэж угаасаа байгаагүй гэж монгол үндэстнийг өнөө хүртэл унагалгүй авч ирсэн дархлаагаар нь оролдон С.Молор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сошиал гэдэг цаазын тавцанд дүүжлүүлж байхыг би харав. Гэхдээ нэг муу зүйл эргээд заавал нэг сайн шийдлийг авч ирдэг шиг монголчуудын өөр нэг дархлааг тэр сэрээсэн болохыг энэ долоо хоногт би анзаарав. Тэр бол Ардчилсан оронд амьсгалж байгаа л бол үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэх хамгийн чухал дархлаа.

Түүний хөндсөн сэдэв өөрийгөө Монгол хүн гэж боддог хэнд ч болов таалагдаагүй. Зарим түүхчид эгдүүцэн баримттайгаар мэтгэлцэхэд бэлэн байгаагаа ч илэрхийлж байлаа. Анх Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы тушаалаар шалгагдаж эхэлж байх үед нь “Комеди Амараа” нэрээрээ олонд танигдсан Д.Амартүвшингээс өөр хэн ч түүнийг цаазын тавцангаас буулга гэж орилоогүй. Харин өчигдөр шүүхээс 30 хоног баривчлах шийдвэр гарч 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар шалгаж эхлэхэд яг тэр дархлаа сэрж нөлөөлөгч, улс төрч, сэтгүүлчид гээд бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж цаазын тавцангаас буулгахыг шаардав. Магадгүй сайны хажуугаар саар гэж зарим нь дагагчаа нэмэх, олонд таалагдах, улс төрийн оноо авах ч сэдэлтэй байсан байж мэднэ. Гэхдээ л тэр үнэт зүйл болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө дуугарч байгаа нь л хангалттай. Зорилгодоо хүрч байвал ямар замаар явах нь чухал биш гэдэг шиг л.

С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйл Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Хэрвээ бүлэглэн зохион байгуулалттай ийм хэрэг үйлдсэн гэж үзвэл 12 хүртэлх жилээр хоригдоно. Түүнийг ийм хэрэг үйлдсэн гэж нотлоогүй, нотлоогүй байж 30 хоног баривчлан шалгаж байгаа. Бас нэг анхаарах ёстой өнцөг нь энэ юм. Хуульдаа хүний болон өөрийнхөө амийг хөнөөж болзошгүй өөр юу юу ч билээ тийм шалтгаанаар ялтан болоогүй хүнийг хорьж шалгаж болдог гажиг тогтолцоотой. Үүнийг нь эрх баригчид хэн нэгнийг залхаан цээрлүүлэх, улс төрийн гэмт хэрэгтэн болгох гэх мэтээр гаргууд ашигласаар ирсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (хүмүүсийн нэрлэж заншсанаар Эрүүгийн процессын хууль) 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагчийг өөрийнх нь аюулгүй байдлыг хангах үүднээс цагдан хорих зохицуулалтыг дараах байдлаар заасан байдаг:

"3. Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно." Энэ хуулийн заалтыг ашиглаад шүү дээ. Аюулгүй байдлыг нь хангах нэрийдлээр аюултай байдал руу оруулдаг сонин заалт.

За яах вэ өөртөө аюул учруулах гээд байсан юм байна гэж үзье. Хамгийн гол нь жилийн өмнө ярьсан яриагаар нь яагаад одоо шалгах болов. Эсвэл хуулийн байгууллага түүнийг нэг жил мөрдөж, тагнаж явсан. Эсвэл Хууль зүйн сайд ямар нэгэн шалтгаанаар олны анхаарлыг сарниулах даалгавартай байсан байж мэдэх юм. Тэр зорилго нь юу ч байж болно. Бид л үндсэн эрхийнхээ төлөө дуугарч түүнийгээ авч үлдэх ёстой. Учир нь өнөөдөр С.Молор-Эрдэнэ үгээ хэлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй торны цаана сууж байгаа бол сонгууль ойртож улс төрчид эмзэгшиж байгаа энэ үед дараагийнх нь чи ч байж мэднэ.

Уг нь олон жилийн өмнө сэтгүүлчдээс эхлээд эрхээ эдэлж чадаагүй олон залуус энэ сэдвийг хөнддөг байсан ч өнөөдрийнх шиг лав бүх нийтээр нэг талд гарч байсан удаагүй. Бидний хэрцгий, хүний мууд дуртай зан үгээ хэлснийхээ төлөө баривчлагдаж байгаа залуусыг гүйцээж дээрээс нь нулимдаг байв. Харин өнөөдөр олонхын сэтгэхүй дэвшиж аливаа зүйлийг өөрөөр хардаг болж. Гудамд хэвтэж байгаа нэгнийг бие чинь зүгээр үү гэж асуудаг, гутраад уйлж байгаа нэгнээ инээж шоолдоггүй, гурав ч байсан нэгдээд буруу зүйлийг сөрдөг болж ээ. Энэ чинь л оюун санааны дэвшил, эрүүл нийгмийг бүтээх эхлэл юм шүү.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe