Засгийн газар инфляцыг улам өрдөх шийдвэр гаргаснаар иргэдийн амьдралыг улам дордуулна

.Graph
2026-09-03

Засгийн газар ирэх оны төсвөө 10.6 их наяд буюу 32 хувиар тэлэхээр төлөвлөсөн нь нийгмийг бухимдуулж байна. Маш энгийн ойлголт бол иргэдийн худалдан авах чадвар ирэх жилийнхээс 13 хувиар уначхаад байна. Энэ нь амьжиргаа дордож байгааг харуулж буй үзүүлэлт. Ийм үед мөнгөний бодлого хатуурах төлөв рүүгээ орж, 0.5 нэгж хувиар аажим нэмэгдэж 12.5 хувьд хүрээд байгаа. Гэтэл Засгийн газар инфляцын эсрэг төсвийн хумих бодлого барих ёстой байсан ч гал дээр шар тос гэгчээр галыг өрдөх нөхцөл байдал руу түлхлээ.

Мах, шатахууны нийлүүлэлтээс эрчээ авсан инфляц суурь үнэд нэгэнт нөлөөлж, долоодугаар сарын байдлаар 6.9 хувь буюу өмнөх сараас 0.8 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Эдийн засагт нийлүүлэлтийн доголдлоос үүдсэн үнийн өсөлтийг ихэвчлэн түр зуурын шинжтэй гэж үздэг.

Харин суурь инфляц өсөж, үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээ рүү тархаж эхэлбэл инфляц удаан хугацаанд өндөр хэвээр байх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, анхдагч нийлүүлэлтийн шокийн нөлөө бусад бараа, үйлчилгээний үнэ, цалин болон инфляцын хүлээлтэд дамжвал инфляцыг бууруулахад илүү урт хугацаа, бодлогын илүү хүчтэй арга хэмжээ шаардагдах нөхцөл үүснэ.   

Төсөв тэлэхэд эдийн засагт юу болох вэ?

Засгийн газар 2027 оны төсвөө 43.6 их наяд төгрөгөөр хэт тэлэхээр байгаа нь юуг зөгнөж байгаа нь маш тодорхой шүү дээ. Эрэлтийг өдөөж, үнийн өсөлтийг өрдөх гэж байна. Өөрөөр хэлбэл,  нийлүүлэлт нь эрэлтээ хангаж чадахгүйгээс импортын ачаалал нэмэгдэж, валютын эрэлтээс үүдэж, төгрөг дээр дарамт ирнэ. Ийм л гажуудал үүсэх гээд байгаа хэрэг.  Ингээд эндээс чөтгөрийн тойрог эхэлнэ гэсэн үг.  Нэг үгээр хэлбэл засгийн газрын тэлсэн төсвийн мөнгөний нийлүүлэлт төв банкны зорилтоос давсан үнийн өсөлтийг бий болгож эхлэнгүүт мөнгөний хумих бодлого үргэлжилж, мөнгө ховордоно.

Мөнгөний бодлого чангарвал юу болох вэ?

Инфляц 13 хувьд хүрсэн, нийлүүлэлтийн шокийн нөлөө бүрэн арилаагүй, мөнгөний бодлого инфляцыг тогтоон барих чиглэлд хатуу хэвээр байгаа үед төсвийг огцом тэлэх нь бодлогын макро бодлогын тулгуур хоёр бодлого болох төсөв мөнгөний бодлого хоорондоо зөрчилдөж байна гэсэн үг.

Энэ зөрчлийн зардлыг эцэст нь иргэд, аж ахуйн нэгж төлнө.  Засгийн газрын зардал нэмэгдсэнээр бий болсон эрэлтийг сааруулахын тулд өндөр хүү удаан хадгалагдаж, зээлийн өртөг нэмэгдэхийн зэрэгцээ инфляц буурах хугацаа хойшлох эрсдэлтэй.

Эдийн засгийг дэмжихийн тулд нэг гараараа мөнгө цацчихаад, нөгөө гараараа хүү өсгөн түүнийг буцаан татах нь оновчтой бодлого мөн үү?

Мөн хамгийн чухал асуулт тэлсэн төсөв эдийн засгаа яг яаж дэмжих вэ? 

Мөнгөний бодлого талаасаа хэд хоногийн өмнө Монголбанкнаас төсөв мөнгөний бодлогын уялдаа ямар явж ирсэн тухай байр суурь илэрхийлснийг зохиогчийн эрхийн зөвшөөрлөөр нийтлэлдээ хавсаргалаа.

Улс төрчдийг попруулах тусам зардал нь иргэдийн халааснаас гарч байгааг ойлгох цаг нэгэнт иржээ.

Бүтэн үзэх холбоос



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe