Эрүүгийн хуулиас хасагдаад байсан “Гүтгэх” заалтыг дахин оруулна

.Graph
2026-09-04

2025 онд Үндсэн хуулийн цэц дээр үүсгэсэн Эрүүгийн хуулийн 13.14 нь (“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан) Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан энэ оны таван сард шийдэгдэж тус заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаснаар хүчингүй болгоод байсан. Энэ нь ердөө дөрөвхөн сарын өмнө гарсан шийдвэр. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин боловсруулан өмнө нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хасагдаад байсан заалтыг “Гүтгэх” гэсэн заалт болгон оруулж иржээ. Гүтгэх, худал мэдээлэл тараах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хэн нэгнийг яллах, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд заналхийлж байгаа үйлдэл юм. Тийм учраас мэргэжлийн байгууллагууд ХЗДХЯ-ны энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.

Дахин боловсруулан оруулж ирсэн хууль:

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

 1/14.10 дугаар зүйл:

“14.10 дугаар зүйл.Гүтгэх

1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор худал мэдээллийг санаатайгаар олон нийтэд тараасны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.2.хиймэл оюун ухаанд суурилсан технологийн аргаар хохирогчийн дүр төрх, дуу хоолой, үйлдэл, эсхүл бодит нөхцөл байдлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн дуурайлгах, өөрчлөх, хувиргах, шинээр бүтээх замаар бодит мэт харагдуулахаар бүтээгдсэн илт худал зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг ашиглаж;

 2.3.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг шүүмжилсэн, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлсэн, дүгнэсэн, эсхүл олон нийтийн сүлжээнд бусдын нийтэлсэн худал мэдээллийг түгээсэн, дамжуулсан үйлдлийг энэ зүйлд заасан гэмт хэрэгт тооцохгүй.”

 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe