Нийслэлийн зарим цэцэрлэгүүд 15:30-16:30 цагийн хооронд тарж, цагтаа хүүхдээ авахыг шаарддаг нь ажлаа тараад хүүхдээ авдаг эцэг эхчүүдийн хувьд цагийн хуваарийн уялдаагүй шийдвэр хэмээн цахим орчинд шүүмжилж байна. Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн ажилчдын дийлэнх нь орой 18:00 цагт тардаг. Үүнээс гадна тус цагаар замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Гэтэл энэ цагтай цэцэрлэгийн тарах цаг давхцах, зарим цэцэрлэг түүнээс эрт тардгаас үүдэн эцэг эхчүүд хүүхдээ авах боломжгүй болж хүн гуйж авхуулах, шаардлагатай тохиолдолд ажлаа таслах зэрэг хүндрэл учирдаг талаар эцэг эхийн төлөөллүүд ярилаа.
Улсын цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарийг тухайн цэцэрлэгийн байршил болон эцэг эхчүүдийн хүүхдээ авах боломжтой цагийг харгалзан үзэн орох болон тарах цагийг тогтоодог байна. Цэцэрлэгийн багш ихэвчлэн 07:30-8:00 цагт ажилдаа ирдэг. Харин 17:00-18:00 цагийн хооронд хүүхдүүдээ тарааж, үлдсэн ажлаа дуусгаад гэртээ харьдаг. Харин энэ хооронд эцэг эх нь хүүхдээ авч амжаагүй бол Боловсролын яамнаас мэдээлсэн журмын дагуу илүү цагийн мөнгө төлөн харуулах боломжтой байна.
Ийнхүү зохицуулалт хийсэн ч иргэдийн ажлын цагийн хуваарь болон цэцэрлэгийн ажиллах цаг хоорондын асуудал одоог хүртэл яригдсаар байна. Эцэг эхчүүдийг ажлаа таслахад хүргэхгүй, багш нарыг сунаж ажиллуулж чирэгдүүлэхгүй байх хамгийн боломжит гарц нь ээлжийн буюу уртасгасан цагийн багшийг төсөвтэй нь шийдэж өгөх, эсвэл ажил олгогчид бага насны хүүхэдтэй ажилтнууддаа уян хатан цагийн хуваарь санал болгох явдал юм. Энэ бол боловсрол болон хөдөлмөрийн салбарын хоорондын уялдааг нэн даруй сайжруулах шаардлагатай байгааг сануулж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх