Монгол улс 3.5 сая хүн амтай. Гэхдээ иргэдэд үйлчилдэг Хавдрын эмнэлэг ердөө ганцхан байдгийн улмаас иргэд үйлчилгээ авч чадахгүй урт дараалал үүссээр байна. Тус эмнэлэгээр хавдрын шинж тэмдэг илэрсэн, эмчилгээ үйлчилгээг түргэн хугацаанд авах шаардлагатай, зовиур ихтэй өвчтөнгүүд зорьж ирдэг. Гэвч үзлэг оношилгоо хийлгэхэд хүлээгдэл ихтэй, үйлчилгээ авахад төвөгтэй байдгийн улмаас орон нутгийн иргэд тусламж, үйлчилгээ авч чадахгүй буцах тохиолдол цөөнгүй байдгийг хэллээ.
Харин эмнэлэгийн зүгээс нөхцөл байдлын талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
ХСҮТ-ийн статистик үзүүлэлтэд 2025 онд 167,915 хүн амбулаториор үйлчлүүлж өмнөх оноос 12%-иар, 18,961 хүн эмчлүүлж, өмнөх оноос 3.8%-иар тус тус өссөн бол нас баралт 279 бүртгэгдэж 23.5-иар буурчээ.
ХСҮТ-д үйлчлүүлэх цаг авахдаа E-mongolia, e-clinic болон утсаар авах боломжтой. Мөн эмнэлэгийн цаг авах гэж буй иргэн өмнө нь өөр эмнэлэгээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд ямар нэгэн шинжилгээ өгсөн эсвэл дүрс оношилгоонд орсон бол үзлэгийн битүүмжийг арилгуулсан байх шаардлагатай. Битүүмж гэдэг нь иргэн тодорхой нэг цаг хугацаанд хоёр өөр эмнэлэгт зэрэг үзүүлэх боломжгүй. Тиймээс тодорхой нэг эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авч байх хугацаанд өөр эмнэлэгт авах тусламж үйлчилгээг давхардуулахгүй байх зохицуулалт гэж ойлгож болно.
Сэтгэгдэл үлдээх