2026 оны төсвийн тодотгол иргэдийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, цалин, тэтгэвэр нэмэх, хүнс, шатахуун, эрчим хүчний хангамжийг тогтворжуулах зорилготой. Гэвч тодотголын тоон бүтцийг харвал хөрөнгө оруулалтыг бууруулж, урсгал зардлыг өсгөн, татварын орлогын тасалдлыг төрийн өмчит компаниудын ногдол ашиг болон шинэ өрөөр нөхөхөөр төлөвлөжээ. Энэ нь өнөөдрийн асуудлыг түр намжаах боловч дараагийн жилүүдийн төсвийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулсан байна.
Засгийн газар 2026 оны төсөвт 1.4 их наяд төгрөгийн зардлын таналт хийж, уг эх үүсвэрийг цалин, тэтгэвэр, боловсрол, эрчим хүч, стратегийн хүнс, шатахууны нөөцөд дахин хуваарилахаар төлөвлөжээ. Өнгөц харахад энэ нь зардлаа танаж, шаардлагатай салбартаа шилжүүлсэн зохицуулалт мэт. Гэвч тодотголын эцсийн дүнгээр төсвийн нийт зарлага 998 тэрбум төгрөгөөр, урсгал зардал 1.152 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, төсөв бүхэлдээ хумигдсангүй. Харин хөрөнгө оруулалтын болон зарим хойшлуулж болох зардлыг бууруулж, жил бүр давтагдах цалин, тэтгэвэр, татаас зэрэг урсгал зардлыг өсгөсөн бүтэцтэй болжээ.
Тодотголоор нэмэх урсгал зардлын 697 тэрбум төгрөгийг цалингийн зардалд зарцуулахаар тусгасан байна. Дахин хуваарилж буй эх үүсвэрийн 60 орчим хувийг боловсрол, эрүүл мэнд болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, 14 хувийг суурь тэтгэвэр, 10 орчим хувийг стратегийн хүнс, шатахууны нөөцөд зарцуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ нь иргэдийн бодит орлого буурсан, хүнс, эрчим хүчний үнэ өссөн үед нийгмийн тодорхой хэрэгцээг шийдвэрлэх ач холбогдолтой.
Цалин, тэтгэврийн нэмэгдэл богино хугацаанд өрхийн орлогыг өсгөх боловч зах зээлд нийлүүлэгдэх бараа, үйлчилгээ дагаж нэмэгдэхгүй бол үнэ өсөх эрсдэлтэй. Ялангуяа төсвөөс эрэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ шууд хэрэгжиж, харин хүнс, шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулах ажил удааширвал инфляцын эсрэг бодлого өөрөө инфляцыг дэмжих зөрчил үүсэж болзошгүй. ТТБЗ үүнийг өмнөх бодлогын алдааг давтах эрсдэл гэж үзжээ. Гадаад, дотоод хүндрэл үүсэх бүрд төсвийн зарлагыг тэлж, цалин, тэтгэвэр нэмэх арга хэмжээ нь тухайн үедээ эерэг нөлөөтэй мэт боловч урт хугацаанд үнэ, төсөв, өрийн дарамтаар эргэн төлөгддөг.
Тодотгол хийх болсон суурь шалтгааны нэг нь төсвийн татварын орлого төлөвлөсөн хэмжээнд төвлөрөөгүй явдал юм.
Татварын орлогыг анх баталсан төсвөөс 1.020 их наяд төгрөгөөр буюу 3.39 хувиар бууруулан тооцжээ. Үүнд:

Татварын орлого эдийн засгийн бодит үйл ажиллагаа, хэрэглээ, импорт, аж ахуйн нэгжүүдийн ашигтай шууд холбоотой. Эдийн засгийн өсөлт өндөр гарч байгаа атлаа 2025 онд татварын орлого хоёр их наяд, 2026 онд дахин нэг их наяд орчим төгрөгөөр тасарч байгаа бол өсөлтийн чанар, татварын суурь болон орлогын төлөвлөлтөд асуудал байгааг харуулна.Тиймээс “орлого яагаад тасрав” гэдгийг тайлбарлахгүйгээр зөвхөн орлогын өөр эх үүсвэрээр нөхөх нь үндсэн шалтгааныг шийдвэрлэхгүй.
Татварын орлогын 1.020 их наяд төгрөгийн бууралтыг татварын бус орлогоор нөхөхөөр төлөвлөжээ. Ингэснээр татварын бус орлого 1.844 их наядаас 2.864 их наяд төгрөг болж нэмэгдэнэ. Үүний гол эх үүсвэр нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ногдол ашиг байх юм.
Төрийн өмчит компаниудын ашиг, ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх нь өөрөө буруу бодлого биш. Харин төсвийн тогтмол зардлыг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон төрийн компаниудын ашигт ажиллагаанаас хамааралтай орлогоор санхүүжүүлэх нь эрсдэлтэй.
Ногдол ашгийн орлого буурвал цалин, тэтгэвэр зэрэг нэгэнт нэмэгдсэн зардлыг буцаан танахад хэцүү. Төрийн компаниудаас хэт өндөр ногдол ашиг татах нь тэдгээрийн засвар, шинэчлэл, стратегийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг ч багасгаж болзошгүй. Иймээс төрийн өмчийн шинэчлэл зөвхөн ногдол ашиг нэмэгдүүлэх бус, засаглал, санхүүгийн сахилга бат, үр ашиг, ил тод байдлыг сайжруулах цогц бодлого байх шаардлагатай.
Тодотголоор төсвийн алдагдал нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2.048 их наяд төгрөгт хүрэхээр байна. Энэ нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж, хуульд заасан тусгай шаардлагын хязгаарт тулжээ. Мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж, дотоод үнэт цаас гаргах хязгаарыг 561.2 тэрбум төгрөгөөс 1.561 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Тодотголын санхүүжилтийн бүтцээр:
Дотоодын үнэт цаас нь валютын ханшийн эрсдэлийг бууруулах давуу талтай. Мөн төсвийн орлого улирлын шинжтэй тасалдах үед хөрөнгө оруулалтын санхүүжилтийг үргэлжлүүлэх боломж олгоно.
Гэхдээ Засгийн газар дотоодын зах зээлээс их хэмжээний санхүүжилт татвал банкууд хувийн хэвшилд зээл олгохын оронд эрсдэл багатай Засгийн газрын бонд худалдан авах сонирхол нэмэгдэнэ. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдэд очих зээлийн эх үүсвэр багасаж, хүү өсөх буюу хувийн хэвшлийн санхүүжилтийг төр шахан гаргах эрсдэлтэй.
Шинээр үүсэх өрийн үндсэн төлбөр болон хүүг дараагийн жилүүдийн төсвөөс төлнө. Тиймээс өнөөдрийн урсгал зардлын нэмэгдлийг ирээдүйн татвар төлөгчдийн орлогоор санхүүжүүлж байна гэж үзэх үндэслэлтэй.
Тодотголын хамгийн том бүтцийн асуудал нь хөрөнгийн зардлыг бууруулж, урсгал зардлыг нэмэгдүүлсэн явдал юм.Хөрөнгийн зардал нь зам, сургууль, эмнэлэг, эрчим хүч зэрэг ирээдүйд эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт. Харин цалин, тэтгэвэр, татаас нь тухайн жилдээ хэрэглэгдээд дуусах, дараа жил дахин санхүүжүүлэх шаардлагатай зардал юм. Нэг удаагийн орлого, хөрөнгийн зардлын хэмнэлт болон шинэ өрөөр байнгын урсгал зардлыг нэмэгдүүлбэл дараагийн төсөв эхлэхдээ илүү өндөр суурь зардалтай бас эрсдэлтэй болно. Орлого буурсан үед танах боломжтой зардлын хэмжээ улам багасна.
2026 оны нэгдсэн төсвийн урсгал зардлын 56.6 хувийг тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө болон боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин эзэлж байна. Бусад салбарын цалин, нэмэгдэл, урамшуулал 15.8 хувь, зээлийн хүүгийн төлбөр 5.3 хувийг бүрдүүлжээ. Эдгээрийг нийлүүлбэл урсгал зардлын 77.7 хувь нь богино хугацаанд танахад хүндрэлтэй буюу нийгэм, улс төрийн өндөр мэдрэмжтэй зардал болж байна.
Тодотголоор нийт төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээ 33.2 хувьд хүрч, өмнөхөөс нэг нэгж хувиар нэмэгдэхээр байгаа нь эдийн засаг дахь төрийн оролцоо улам тэлж байгааг харуулна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 оны наймдугаар сараас мөрдөж эхэлсэн “нэгдсэн төсвийн суурь тэнцэл ашигтай байх” шаардлагыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Ингэснээр төсөв хуульд нийцэхээс илүүтэй төсвийн шинэ нөхцөлд хуулийг нийцүүлэх дүр зураг үүсэж байна. Төсвийн сахилга батыг хамгаалах үндсэн шалгуурыг орлого тасарч, зарлага нэмэгдсэн үед сулруулбал уг шаардлагын бодит ач холбогдол алдагдана. Төсвийн дүрэм нь зөвхөн эдийн засаг таатай үед мөрддөг заалт биш. Харин орлого буурах, зарлага нэмэх улс төрийн дарамт үүсэх үед сахилга батыг хамгаалах зориулалттай байх учиртай.
2026 оны төсвийн тодотгол богино хугацаанд тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх зорилготой. Цалин, тэтгэвэр, эрчим хүч, стратегийн нөөцөд нэмэлт эх үүсвэр шаардлагатай байгааг үгүйсгэх боломжгүй.Гэхдээ уг зорилгыг хэрэгжүүлэх санхүүжилтийн бүтэц нь дараах зөрчлийг бий болгож байна:
Татварын тогтвортой орлого буурч байхад байнгын урсгал зардлыг нэмэгдүүлж, зөрүүг нэг удаагийн орлого болон шинэ өрөөр нөхөхөөр төлөвлөжээ.
Энэ бодлого өнөөдөр өрхийн орлогыг хамгаалж болох ч маргааш төсвийн алдагдал, өрийн хүү, инфляц, хувийн хэвшлийн зээлийн хомсдол хэлбэрээр зардал дагуулах эрсдэлтэй.
Тиймээс дараагийн төсвүүдэд цалин, тэтгэврийн нэмэгдлийг эдийн засгийн бодит өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, салбарын үр дүнтэй уялдуулах, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах шаардлагатай. Үүний зэрэгцээ татварын орлого яагаад төлөвлөгөөнөөс тогтмол тасарч байгааг нээлттэй тайлбарлаж, хувийн хэвшлийг дэмжин татварын суурийг өргөжүүлэх бүтцийн бодлого хэрэгтэй байна.Төсвийн тодотгол бол зөвхөн энэ жилийн мөнгийг дахин хуваарилах асуудал биш. Харин өнөөдрийн хэрэглээг ирээдүйн орлогоор санхүүжүүлэх үү, эсвэл эдийн засгийн өсөлтийн суурийг хамгаалах уу гэсэн бодлогын сонголт юм.
Сэтгэгдэл үлдээх