МАН-ын улс төрийн лидер бэлтгэх дамжаа бүтэлгүйтлээ

Н.Саруулдөл
2026-09-07

Та ирээдүйд хэн дарга болох бол гэж бодлогоширч байсан уу. Тэгвэл https://www.sdy.mn/mn/about холбоосоор ороод үзээрэй. Энэ бол бид МАН-ыг сонгосоор л байвал ирээдүйд баталгаатай дарга болох хүмүүсийг жагсаалт. 

Тэд яагаад ирээдүйд дарга болох вэ?

Дэлхийн олон улсад манай улсын SDY-тай төстэй бүтэцтэй байгууллагууд ажилладаг. Дөнгөж нийгэмд хөл тавьж буй залуус улс төрд олон жил болсон туршлагатай улс төрчидтэй шууд үзвэл, юугаар ч барахгүй. Харин намын залууст зориулсан зохион байгуулалт буюу SDY шиг байгууллагад нэгдсэнээр улс төрд шат ахих боломж гарч ирдэг.

Жишээлбэл, Япон улсын Либерал ардчилсан намын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Young division хэмээх залуусын байгууллага бий. Уг байгууллага залуу парламентчид, орон нутгийн төлөөлөгчдийг бэлтгэн улс төрд оруулдаг. Энэхүү байгууллагын даргаар ажиллаж байсан 6 хүн хожмоо Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Япон улсын өндөр хөгжилтэй орнуудын тоонд багтахад чухал үүрэг гүйцэтгэж байсан. Үүний нэг нь бидний танил Шинзо Абэ билээ. 

Ийм зорилготой ажилладаг байгууллагыг улс төр судлалд party youth wing, party youth organization гэж нэрлэдэг. SDY-ийн хувьд ч ялгаагүй. Тэд “Монголын дараагийн үеийн удирдагчдыг чадваржуулна” гэсэн уриан дор ажилладаг бөгөөд залуусыг улс төрд оруулж, нам доторх сүлжээг бий болгож, кампанит ажил зохион байгуулж, бодлого тодорхойлоход оролцоод зогсохгүй залуус сонгуульд нэр дэвших эрхээ ч энэ байгууллагаас олж авдаг. Энгийнээр хэлбэл, SDY бол улс төрийн лидер бэлтгэх нэгэн шат дамжлага, намын хүний нөөцийн талбар гэсэн үг. 

Японы намын залуусын байгууллагыг харвал, Шинзо Абэ, Фүмио Кишида, Асо Тарогоос эхлүүлээд улс орноо өндөр түвшинд хөгжүүлж, өөрсдөө ч ард иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс байдаг. Гэтэл Монголынх болохоор муу нэртэй, луу данстай, эх орноосоо хулгайлагсад, улсынхаа хөгжил биш намынхаа ялалтыг чухалчлагсад байгаа нь харамсалтай. 

Бүтэлгүйтсэн эхний хүн бол Ерөнхий сайд Н.Учрал

SDY бол МАН-ын хажууд дөнгөж 30 жилийн түүхтэй байгууллага. Оюутан ахуйгаасаа энэ байгууллагад орсон улс төрчид сүүлийн жилүүдэд л төрийн өндөр албан тушаалд очиж байгаа. Тэдний нэг, хамгийн том албан тушаал дээр очоод байгаа хүн бол Н.Учрал. Тэр ямар байна, SDY тийм л хүмүүс бэлтгэж байгаа гэсэн үг. 

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилогдох үед зарим хүн “залуу хүн өөрөөр ажиллах байх” гэсэн горьдлоготой байсан бол зарим нь “У.Хүрэлсүхийн хүн, У.Хүрэлсүхийн л даалгаврыг биелүүлнэ” гэж хүлээн авч байлаа. Эхэндээ тэр олон нийтэд таалагдах шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байсан ч сонгууль дөхөөд ирэхийн цагт зэсээ цухуйлгаж эхлэв. 

Түүний өргөн барьсан төсөв өмнөх жилээс 11 их наядаар тэлж, түүхэнд байхгүй хамгийн их мөнгийг зарцуулна гэж төлөвлөж байна.

Энэ хүрээнд тэрээр төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ, ахмадын тэтгэврийн нэмнэ зэрэг шийдвэрээ танилцуулсан. Харин ийм их мөнгийг зах зээл рүү нийлүүлчхээд инфляцтайгаа хэрхэн тэмцэх тал дээр оновчтой шийдвэр гаргаагүй. Тиймээс энэ бол зөвхөн сонгуульд ялахын төлөө гаргасан төсөв, ард түмэндээ л зориулна гэж хэлсэн худал занга. 

Өнөөдөр бензиний үнэ 5000, махны үнэ 50000 хүрчхээд байгаа энэ үед ДНБ-д эзэлж буй төсвийн хувийг багасгаж, гадаадаас хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг эдийн засагч нар хэлж байна. 

Н.Учрал бол SDY-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Намын залуусыг базсан хүн гэсэн үг. Тэр залуустаа ард түмнийхээ, улс эх орныхоо төлөө биш намынхаа ялалтын төлөө ажиллаарай гэдэг үлгэрийг үзүүлээд байж байна.

SDY-ийн дараагийн бүтэлгүйтэл бол УИХ-ын гишүүн М.Ганхүлэг

Цэвэр SDY-ийн бүтээгдэхүүн, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь ажилладаг тэрээр сонгуулиар намын жагсаалтад SDY-ийнхаа квотоор орж, УИХ-ын гишүүн болсон билээ. Түүний хувьд залуустаа “албан тушаалд очвол эхнэрээ ажилд оруулж болно” гэж үлгэрлэж яваа. 

М.Ганхүлэг 2024 онд гишүүн болсон бөгөөд эхнэр Ж.Учрал нь 2025 онд Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажилд орсон. Ж.Учрал нь жүжигчин Г.Ундармаагийн U Film, Женко Х.Баттулгын хамаарал бүхий Түмэн хишигтэн ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Харин эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай эсэх нь, яг ямар байдлаар тэнд ажилд орсон нь тодорхой бус. 

М.Ганхүлэгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүн гэж улс төрийн хүрээнд яригддаг билээ. 

Дараагийнх нь Э.Болормаа

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд SDY-ийн дэд ерөнхийлөгч. Жендер хөгжил, хамтын ажиллагааг хариуцдаг. Тэрээр энэ жагсаалтын хэдээсээ хамгийн ноцтой нь. УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан. Мөн шүүхээс хилийн хориг тавиад байна. Одоогийн байдлаар хэрэг нь шийдэгдээгүй, гацсан байдалтай байгаа. 

Дэлгэрүүлбэл, тэрээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж өрсөлдөхдөө “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүндээ мөн тайлбар өгсөн бөгөөд хууль бус хандив орж ирснийг ажлын алба нь мэдээгүй хэмээн ажлын албандаа буруугаа тохсон билээ. 

Түүний хувьд залуустаа хууль зөрчиж болдог шүү гэх үлгэрийг үзүүлж яваа. 

Сүүлийнх нь Хотын дарга Б.Пүрэвдагва

Тэрээр одоо SDY-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Хотын дарга болсон даруйдаа бодит ажил барьж авахаас илүү сандал суудалд, томилгоонд анхаарч байгаа юм. Хотын дарга болсноосоо хойш 11 томилгоо хийсэн.

Тухайлбал, 

  • Ү.Ганболдыг НЗДТГ-ын даргаар, 
  • Б.Жаргалсайханг Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчоор, 
  • Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр, 
  • Ж.Эрдэнэбаярыг Нийслэлийн Засаг ьдаргын Ажлын албаны даргаар, 
  • Ү.Амарбатыг хуулийн зөвлөхөөрөө, 
  • И.Баттөгсийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар, 
  • А.Амартүвшинг Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар,
  • Н.Мандуулыг Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар,
  • Л.Ариунтуяаг Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар,
  • Г.Батзоригийг Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар,
  • Б.Сэмжидмааг Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар тус тус томилжээ. 

Эдгээр томилгооноос харвал, Ж.Эрдэнэбаяр, Ү.Амарбат нар нь SDY-д хамаардаг хүмүүс юм. 

SDY-аас өндөр дээд албан тушаалд очсон дөрвөн хүн нь дөрвүүлээ балагтай. Уг байгууллагын удирдлагуудыг харвал ихэнх нь одоогийн УИХ-ын гишүүдийн зөвлөх туслах, ажлын албаны дарга хийдэг хүмүүс байна. SDY-аас төрийн өндөр албан тушаалтнууд шил дараалан төрж байгаа нь бүтэц зөв ажиллаж байгаагийн шинж. Зам нь зөв байгаагийн шинж. Гэтэл энэ зөв бүтэц, зөв замаар буруу хүмүүс алхаад байгаа нь гол асуудал болоод байна. 

Мөн SDY бол Монгол ардын намын хүний нөөц, ирээдүйн дарга нар. Харин нийтлэлийн эхэнд буй жагсаалтыг та сайтар шинжээд, энэ хүмүүс таныг удирдана гээд төсөөлөөд үз дээ. Хариу нь юу гэж гарав даа?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe