Хорьдын сарнаар

.Graph
2026-09-07

Мянганы тэртээх түүхийг одот тэнгэрийн дор өгүүлэх нь

Эрт Урьдын Цагт театрын “театрчилсан аялал” энэ жил гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ удаагийн аяллын онцгой бүтээл нь “Хорьдын сарнаар” монодрам буюу ганц хүний жүжиг юм.

Эртний Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан, язгууртан эмэгтэй зохиолчийн бичсэн, хүн төрөлхтний хамгийн анхны роман "Гэнжийн туульс"-аас сэдэвлэсэн драмын жүжиг юм.

Мянга гаруй жилийн тэртээ Японы Хэй-ан эриний үед амьдарч байсан Мүрасаки Шикибү бол дэлхийн утга зохиолын түүхэнд нэрээ мөнхөлсөн нэрт зохиолч, яруу найрагч юм. Тэрээр эзэн хааны ордонд хатан Шошигийн дэргэд амьдарч байхдаа хүн төрөлхтний утга зохиолын үнэт өв болсон “Гэнжийн туульс” хэмээх гайхамшигт бүтээлээ туурвижээ.

Энэ удаа бүтээлийн төвд “Гэнжийн туульс”-ын эсрэг дүр хэмээн тодорхойлогддог Кокидэн хатан байна. Түүний амьдралын цаана ямар хувь заяа, ямар сэтгэл зүрх, ямар шалтгаан нуугдаж байсан бол?

Кокидэн хатны дүрийг зөвтгөх шалтгаан юу байсныг “Хорьдын сарнаар” моножүжгээс үзээрэй.

“Хорьдын сарнаар” жүжгийн зохиолч, найруулагчаар СТА Ганбатын Мишээл ажиллажээ. Тэрээр театрын урлагт жүжигчин, найруулагч, зохиолчийн олон талт бүтээлээрээ танигдсан бөгөөд олон улсын “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг жүжгийн зохиолч”, “Шилдэг найруулагч” зэрэг гурван удаагийн алтан цомын эзэн уран бүтээлч юм.

Харин Кокидэн хатны дүрийг СТА Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээнэ. Тэрээр хүүхдийн, драмын, сонгодог болон олон төрлийн жүжгийн 60 гаруй гол болон туслах дүрийг тайзнаа амилуулсан туршлагатай жүжигчин бөгөөд “Гэгээн Муза” наадмын хоёр удаагийн алтан цомын эзэн юм.

Энэ удаагийн тоглолтын хамгийн онцгой өнгө төрх нь зөвхөн тайзны бүтээлээр хязгаарлагдахгүй.

Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд, шөнийн одот тэнгэрийн дор тоглогдох нь түүхэн орон зай, урлагийн бүтээлийг нэгэн цэгт огтлуулж буй хэрэг юм.

Мянганы тэртээх Японы эзэн хааны ордны амьдрал, хүний сэтгэлийн нарийн нандин мөн чанар, Кокидэн хатны хувь заяаг өнөө цагийн үзэгчдэд хэрхэн хүүрнэх бол?

“Хорьдын сарнаар” - түүхийн хуудаснаас тайзнаа бууж, одот тэнгэрийн дор ганцхан удаа амилна.

Тоглолтын мэдээлэл

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 20 19:00 цаг
Хаана: Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбай
Тоглолт: “Хорьдын сарнаар” монодрам
Зохион байгуулагч: Эрт Урьдын Цагт театр
Зохиолч, найруулагч: СТА Ганбатын Мишээл
Кокидэн хатны дүрд: СТА Чимэдцэеэгийн Уранбилэг
Тасалбар: 100,000₮ / 200 ширхэг хязгаартай

ЭРТ УРЬДЫН ЦАГТ-ТЕАТРЧИЛСАН АЯЛАЛ


 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe