ННФ: Урсгал зардал, төсвийн алдагдлыг ₮1 их наядаар нэмэгдүүлэх нь инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй

Г.Энэбиш
2026-09-07

Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөл 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж, урсгал зардал болон төсвийн алдагдлыг тус бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь инфляц, өрийн дарамтыг өсгөх эрсдэлтэйг анхааруулжээ.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Төсөлд төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэж, урсгал зардал болон төсвийн алдагдлыг тус бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Урсгал зардлын нэмэгдлээс 170.1 тэрбум төгрөгийг төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувийн өсөлтөд хүргэн жигдрүүлэхэд зарцуулна. Мөн 2027 оноос олгохоор хуульчилсан суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сараас олгож эхлэхэд 196.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авч, 250 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

Эдийн засгийн зөвлөл төсвийн дэмжлэгийн зээл авч, алдагдлыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын өрийг өсгөхгүй байхыг зөвлөсөн байна. Мөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг огцом нэмэгдүүлэх нь эрэлтийг тэлж, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэй тул нэмэгдлийн хэмжээг эдийн засгийн нөхцөл болон төсвийн боломжтой уялдуулах шаардлагатай гэж үзжээ.

Тус зөвлөлөөс төсвийн тодотголыг батлахаас өмнө инфляц, мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүү, валютын ханш болон төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийн талаар Монголбанкнаас албан ёсны дүгнэлт авч, нээлттэй хэлэлцэх санал гаргасан байна.

Баялгийн орлого Засгийн газрын хяналтад төвлөрөх эрсдэлийг анхааруулав

Тодотголтой холбоотойгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийг хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлагын чиг үүрэгтэй “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчлөн зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн төрийн өмчит компаниудын хувьцааны 20-иос доошгүй хувийг төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлж, олон улсад арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Эдийн засгийн зөвлөл уул уурхайн томоохон компаниудын хувьцааг тус нэгдэлд шууд шилжүүлбэл компаниудын ашгаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг УИХ-ын оролцоогүйгээр Засгийн газар дангаар шийдэх эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулжээ. Иймд байгалийн баялгийн ашиглалтаас олох орлогын хуваарилалт, Хуримтлалын сангийн удирдлага, санхүүжилтийг УИХ-ын хяналтад байлгах, Үндэсний баялгийн сангийн эх болон охин компаниудын ногдол ашгийн бодлогыг тодорхой болгохыг зөвлөсөн байна.

Томоохон хуулийг төсөв дагуулан өөрчлөхөө зогсоохыг зөвлөв

Төсвийн тодотголын төслийг дагалдуулан Үндэсний баялгийн сан, Үнэт цаасны зах зээл, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нийт найман хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Эдийн засгийн зөвлөл томоохон хуулийн өөрчлөлтийг төсвийн хуулийн төсөл дагуулан, нарийвчилсан судалгаа, тооцоогүйгээр өргөн барьдаг байдлыг зогсоох шаардлагатай гэж үзсэн байна. Хуулийн өөрчлөлт бүрийн судалгаа, тооцоог бүрэн хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа УИХ-д өргөн мэдүүлэхийг зөвлөжээ.

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн ТЭЗҮ, үр ашгийн тооцоо болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ил тод болгох санал гаргав. Шаардлага хангахгүй ТЭЗҮ баталсан ажилтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хөрөнгө оруулалтын барилгын зураг төсөлд магадалгаа хийх эрх бүхий байгууллагыг ирэх оны төсвийг хэлэлцэхээс өмнө яаралтай тогтоох шаардлагатай гэжээ.

 

эх сурвалж: ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн гаргасан зөвлөмж | Нээлттэй нийгэм форум

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe