Засгийн газрын зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд 2026 оны 8 дугаар сарын 20-нд өргөн барьсан билээ.
Иймд төсвийн төлөвлөлтийн чанарыг сайжруулах, үр ашигтай зарцуулалтыг хангах, урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулах, байгалийн баялгийн орлогын хуваарилалтыг удирдах чиглэлд дараах зөвлөмжийг Эдийн засгийн зөвлөлийн зүгээс бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргэж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн чиглэлээр:
- “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-д уул уурхайн томоохон компаниудын хувьцааг шууд өгснөөр тэдгээр компанийн ашгаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг УИХ-ын оролцоогүйгээр Засгийн газар дангаар шийдвэрлэх эрсдэл үүсэж болзошгүйг анхаарч, байгалийн баялгийн ашиглалтаас олох орлогын хуваарилалтыг УИХ-ын хяналтад байлгах;
- Хуримтлалын сангийн удирдлага, санхүүжилтийн асуудлыг УИХ-ын хяналтад оруулах;
- Үндэсний баялгийн сангийн эх болон охин компаниудын ногдол ашгийн бодлогыг тодорхой болгох;
- Томоохон хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг оны төсвийн хуулийг дагалдуулан нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр УИХ-д өргөн барьдаг байдлыг зогсоож, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шаардлагатай судалгаа, тооцоог бүрэн хийж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр өргөн мэдүүлэх;
- Төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөдөг байдлыг зогсоох;
- 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг бууруулах;
- Төсвийн дэмжлэгийн зээл авах, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;
- Төсвийн урсгал зарлагын өсөлт нь хувийн секторт татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарах;
- Төсвийн урсгал зарлагын өсөлтийг хязгаарлах, төрийн албан хаагчдын цалинг ажлын бүтээмж, ур чадвар, гүйцэтгэлтэй нь нягт уялдуулах;
- Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нь инфляци хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарч, нэмэгдлийн хувь хэмжээг эдийн засгийн нөхцөл, төсвийн боломжтой уялдуулан тогтоох;
- Төрийн ажил, үйлчилгээнд техник, технологийн хэрэглээ нэмэгдэж буйтай уялдуулан албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог оновчтой болгох замаар төсвийн урсгал зардлыг бууруулахад анхаарах.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр:
Төсвийн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн хэрэгжих хугацаа удааширч, нийт санхүүжилтийн хэмжээ анх төлөвлөснөөс нэмэгдэх тохиолдол түгээмэл байна. Түүнчлэн техник, эдийн засгийн үндэслэл(ТЭЗҮ)-ийг чанаргүй боловсруулснаас болж эрчим хүч, зам барилга, хот, нийтийн аж ахуйн томоохон төслүүдийн үр ашиг буурч байна. Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.6-11 болон 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоот төрийн өмчийн үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх эрхийг Барилгын хөгжлийн төвд шилжүүлсэн байсныг Улсын дээд шүүхийн 2026.6.15-ны 001/XT2026/0070 тоот тогтоолоор хүчингүй болгожээ. Тус төвийг төрийн бус байгууллага биш гэсэн үндэслэлээр барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх эрхгүй гэж шийдвэрлэсэн байна. Ингэснээр одоогийн Барилга, хот байгуулалтын яам барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх цорын ганц эрх бүхий субъект болоод байна. Иймд ирэх онд төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлэхээс өмнө зураг төсөлд магадалгаа хийх эрх бүхий субъектийг яаралтай тодорхой болгох шаардлагатай. Энэ нь ТЭЗҮ-ийг зохих ёсоор боловсруулсан, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төслүүдийг төсөвт тусгах чухал нөхцөл болно.
Иймд дараах арга хэмжээ авахыг санал болгож байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах журмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын төслийн ТЭЗҮ-д тавигдах шаардлагыг Засгийн газрын зүгээс шинээр боловсруулж буй Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгах, түүнчлэн ТЭЗҮ-д төслийн үр ашгийг хэрхэн тооцох талаар тусгах;
- ТЭЗҮ-ийг салбарын яамд бус Засгийн газар журмаар баталдаг болох;
- Эрчим хүч, зам гэх мэт бодит салбарын ТЭЗҮ-ийг орчин үеийн аргазүйгээр боловсруулдаг болох;
- Төсвийн хөрөнгө оруулалтын томоохон төслийн ТЭЗҮ дэх эдийн засгийн үр ашгийн тооцоог Эдийн засаг, хөгжлийн яам салбарын яамдаас хүлээн авч баталдаг байх зохицуулалтыг хийх;
- Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг ил болгох;
- Төсвийн хөрөнгө оруулалтын барилгын ажлын ТЭЗҮ баталсан инженерийн мэдээллийг ил тод болгох;
- Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн шаардлага хангахгүй ТЭЗҮ-ийг баталсан ажилтанд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох;
- Ирэх оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхлэхээс өмнө барилга байгууламжийн зураг төсөлд магадалгаа хийх субъектийг яаралтай тодорхой болгох. Гурав. Төсвийн холбогдох бусад асуудлаар:
- Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилт болон Төсвийн тухай хуулийн 27.1.9-д заасан төсвийн төсөл нь төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байх шаардлагын хүрээнд УИХ 2026 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө Монголбанкнаас уг тодотголын инфляц, мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүү/нөхцөл, валютын ханш болон төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, албан ёсны дүгнэлтийг авч нээлттэй хэлэлцэх замаар төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах,
- Төсвийн дүрмүүд хэрэгжихгүй байгаагийн шалтгааныг судлах, хэлэлцүүлэг өрнүүлэх;
- Хуульд тодорхой байгууллагын нэр тусгах нь зохистой эсэхийг анхаарах шаардлагатай. Манай улсын хуульд тодорхой асуудлыг хариуцсан этгээдийг “... асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага” гэж тусгаж ирсэн. Гэвч сүүлийн үед “Чингис хаан” Үндэсний баялгийн сан зэрэг хуулиар нэр заан тусгах болсон нь тухайн байгууллагын нэр өөрчлөгдөх бүрд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэх эрсдэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх