Тойм: Төсвийн зарлага өсөх тусам нийлүүлэлтийн шокийн өртгийг иргэд төлнө

Г.Энэбиш
2026-09-08

Монголын банкуудын холбооноос өнөөдөр банкны салбарын тоймоо олон нийтэд танилцууллаа. Банкны салбар тогтвортой ч нийлүүлэлтийн шок, төсвийн тэлэлт инфляцын эрсдэлийг нэмэгдүүлэхийг анхаарууллаа. 

2026 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг 7.7 хувиар өсөж, банкнуудын актив, зээл, хадгаламж нэмэгдсэнээр санхүүгийн салбар харьцангуй тогтвортой байжээ. Гэвч шатахуун, хүнсний нийлүүлэлтийн доголдол дээр төсвийн зарлагын өсөлт давхцвал инфляц нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэйг банкны салбарын тоймд анхааруулжээ.

10 зээл тутмын нэг нь чанаргүйдсэн 

Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2026 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсжээ.

Бизнесүүдэд шинээр олгосон зээл 30 хувиар нэмэгдэхэд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, худалдаа, үйлчилгээний салбарын санхүүжилт голлон нөлөөлжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэн нь тус салбарын үйл ажиллагаа болон зээлийн эрэлтийг дэмжсэн байна. Үүнийг дагаад тээвэр, агуулах, худалдаа, үйлчилгээний салбарын идэвхжил нэмэгджээ.

Гэхдээ зээлийн өсөлтийн нөгөө хэсгийг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлж байна. Цалин, тэтгэвэр, картын болон малчдын хэрэглээний зээл нэмэгдсэн бол хадгаламж барьцаалсан зээл буурчээ. Энэ нь өрхийн хэрэглээ зээлээр санхүүжих хандлага үргэлжилж байгааг харуулна.

Хэрэглээний зээлийн өсөлт богино хугацаанд дотоод эрэлтийг дэмждэг ч өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, инфляцтай үед бодит орлогыг улам эмзэг болгох эрсдэлтэй. Ялангуяа хэрэглээний зээлийн чанар бизнесийн зээлээс сул байгаа бөгөөд тайланд иргэдийн хэрэглээний арван зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд байгааг дурджээ. Банкны салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ хувьчилж харвал 5% буюу  бага мэт харагдах боловч мөнгөн дүнгээр 2 их наядыг давсан нь анхаарал татахуйц үзүүлэлт юм. Мөн салбараар нь харвал Автомашины зээлийн 18 хувь, боловсруулах салбарын зээлийн 12 хувь чанаргүйдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

Төгрөгийн хадгаламж нэмэгджээ

  • Системийн нөлөө бүхий таван банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 16 их наяд төгрөгөөр буюу 25 орчим хувиар өсжээ.Тэр дундаа ХААН банкны актив 31, Голомт банкных 33 хувиар нэмэгджээ.
  • Банкнуудын нийт эх үүсвэр 8.7 их наяд төгрөгөөр өсөж, төгрөгийн хадгаламж 25 хувиар нэмэгдсэн. Төгрөгийн ханш болон инфляц өмнөх хугацаанд харьцангуй тогтвортой байсан нь төгрөгийн хадгаламж өсөхөд нөлөөлсөн гэж тайланд дүгнэжээ.
  • Системийн нөлөө бүхий банкнуудын өөрийн хөрөнгө 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний дундаж үзүүлэлт 16 хувьтай байгаа нь зохицуулалтын доод шаардлага болох 12 хувиас өндөр байна.
  • Хөрвөх чадварын харьцаа дунджаар 40 хувьтай байгаа нь 25 хувийн шаардлагаас мөн давжээ. Өөрөөр хэлбэл, банкнууд богино хугацааны төлбөрөө гүйцэтгэх болон эдийн засагт үргэлжлүүлэн зээл олгох санхүүгийн боломжтой байна.
  • Гэхдээ зээлийн өсөлтийг дагаад өөрийн хөрөнгийн хүрэлцээ аажмаар буурч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх шинж ажиглагджээ. Системийн хэмжээнд чанаргүй зээл нийт зээлийн тав орчим хувийг эзэлж байна.

Таван том банк 2026 оны эхний хагаст нийт 714 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч өөрийн хөрөнгийн өгөөж есөн хувь болж, хадгаламжийн өгөөжтэй ойртжээ. Энэ нь банкнуудын ашигт ажиллагаа өндөр мэт харагдавч хөрөнгийн үр ашиг өмнөхөөс суларч байгааг илтгэнэ.

Эдийн засгийн өсөлт уул уурхайгаас өндөр хамааралтай хэвээр

2026 оны эхний хагас жилд эдийн засаг 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээвэр, агуулах, үйлчилгээний салбар голлох нөлөө үзүүлсэн байна. Боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт сэргэлт ажиглагдаж, хөдөө аж ахуйн салбарын үзүүлэлтэд цаг уур, мал аж ахуйн нөхцөлөөс шалтгаалсан хэлбэлзэл үргэлжилжээ. Гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай, төлбөрийн тэнцэл 567 сая ам.долларын ашигтай гарсан байна. Нүүрс, төмрийн хүдэр болон малын гаралтай түүхий эдийн экспорт өссөн нь гадаад тэнцэлд эергээр нөлөөлжээ.

Гэвч санхүүгийн данс алдагдалтай гарсан нь Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт суларсныг харуулж байна. Иймээс экспортын орлого өссөн ч эдийн засгийн урт хугацааны санхүүжилтийн суурь бүрэн бэхжээгүй гэж үзэж болохоор байна.

Төсөв ба нийлүүлэлтийн доголдол инфляцыг зэрэг өдөөх эрсдэлтэй

Тайлангийн хамгийн том анхааруулга нь шатахуун, хүнсний нийлүүлэлтийн эрсдэл болон төсвийн тэлэлт нэгэн зэрэг үүсэж болзошгүйд чиглэжээ.

Ойрх Дорнодын хурцадмал байдал, ОХУ-ын шатахууны үйлдвэрлэл, нийлүүлэлтэд үүссэн хүндрэл нь Монголын импортын үнэ, хангамжид шууд нөлөөлөх эрсдэлтэй. Шатахууны үнэ өсвөл зөвхөн тээврийн зардал нэмэгдэхгүй. Мах, хүнсний ногоо болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн зардлаар дамжин нийт инфляцад нөлөөлнө.

Үүний зэрэгцээ махны нийлүүлэлтэд малын өвчлөл, цаг уурын нөхцөл нөлөөлж болзошгүй байна. Хүнс, шатахуун хоёр зэрэг үнэд орвол өрхийн хэрэглээний зардал өсөж, инфляцын хүлээлт нэмэгдэх аюултай. Ийм нийлүүлэлтийн гаралтай инфляц үүссэн үед төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлэх нь зах зээл дэх эрэлтийг давхар тэлнэ. Тайланд 2026 оны төсвийн тодотголоор зарлага, алдагдлыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2027 оны төсвийн төсөлд нийт зардлыг 9.6 их наяд төгрөгөөр буюу 28 хувиар өсгөхөөр тусгасныг эрсдэл гэж үзжээ.

Төсвийн тэнцэл эхний хагас жилд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Экспорт нэмэгдэж, төсвийн орлого өссөн ч урсгал болон хөрөнгийн зардал илүү хурдтай тэлсэн нь алдагдлын дарамтыг нэмэгдүүлжээ.Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлээс нийлүүлэлтийн шок ирэхэд төсөв эдийн засгийг хамгаалах нөөцтэй байх ёстой атал зарлагаа урьдчилан тэлж байгаа нь бодлогын орон зайг хязгаарлах эрсдэлтэй.

Таагүй нөхцөлүүд давхцвал инфляц 18.6 хувьд хүрэх төсөөлөл гарчээ

Тайлангийн суурь хувилбараар эдийн засаг 2026 онд 6.8, 2027 онд 6.2 хувиар өсөхөөр тооцсон байна. Харин шатахууны хязгаарлалт эсвэл үнийн өсөлт бий болбол 2026 оны өсөлт зургаан хувь болж саарах төсөөлөл гарчээ. ОХУ-ын 89 мужийн 58-д нь шатахууны хязгаарлалт үргэлжилж байна. Энгийн үед тус улс 5.3 сая баррелийг үйлдвэрлэдэг байсан бол 2 сая тонн баррелиар буурчээ. 

Уул уурхайн экспорт нэмэгдвэл өсөлт 7.8 хувьд хүрэх боломжтой ч шатахууны хязгаарлалт, үнийн өсөлт болон бусад эрсдэл зэрэг тохиолдвол өсөлт 2026 онд 6.2, 2027 онд 5.5 хувь болж буурахаар тооцсон байна.

Инфляцын суурь төсөөлөл 2026 онд 10.2 хувь байгаа бол шатахууны нийлүүлэлт хязгаарлагдвал 13.8, үнэ өсвөл 14.2 хувьд хүрэхээр тооцжээ. Харин тайланд авч үзсэн сөрөг нөхцөлүүд зэрэг давхцвал инфляц 18.6 хувьд хүрэх эрсдэлийн хувилбар гарсан байна. Эдгээр нь батлагдсан урьдчилсан таамаг бус, тодорхой нөхцөлд суурилсан сценарийн тооцоо юм. Гэхдээ бодлогын гол дохио нь тодорхой: банкны салбар одоогоор хөрөнгө, эх үүсвэр, хөрвөх чадварын хувьд тогтвортой байгаа ч эдийн засгийг бүхэлд нь нийлүүлэлтийн шокоос дангаараа хамгаалах боломжгүй.

Шатахуун, хүнсний үнэ өсөж буй үед төсвийн зарлагыг нэмэгдүүлбэл нийлүүлэлтийн гаралтай инфляц дээр эрэлтийн инфляц давхардана. Үүний эцсийн өртгийг иргэд худалдан авах чадварын бууралт, бизнесүүд санхүүжилтийн өндөр зардал, эдийн засаг өсөлтийн сааралтаар төлөх эрсдэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe