Six Seven

Б.Энхтулга
2026-09-08

Шатахууны хомсдол, өргөн хэрэглээний барааны үнэ гэх мэт шок иргэдийг цочоож байх зуур Засгийн газар төсвийн тодотголоо өргөн барьж УИХ ээлжит бус чуулганыг өчигдөр эхлүүллээ. Улайрсан Ардчилсан нам тугал хариулж яваа Засгийн газрын тэргүүнийг хэдэн тугалтай нь шоглож байх шиг. Энэ их үйл явдлын хажуугаар дурлалдаа самуурсан гэдэг шиг л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлдээ самуурсан хэдэн хүмүүс дүрдээ орон өөрийгөө бичүүлж, 01-ийн өмнө өвдөг сөхрөх нь сөхөрч, хор найруулах нэг нь найруулж явна. Ер нь бол аль ч намаас 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвших хүн эцэслэж тодроогүй байгаа. Ийм эрт гаргаж гэрэлд цохиулах ч үгүй байх. Цаг хугацааны хувьд арай эрт байна. Гэхдээ жам ёсоор сэтгүүлчид болон улс төрийн хүрээнийхэн янз янзаар л таамаглан бичиж, ярьсаар л. Холоор зөрөх тохиолдол ч байна, хаяанд нь очих үе ч байна.

Долоо болгох зургаагийн итгэлийг эвдсэн Г.Занданшатар...

Хавраас эхлээд л Г.Занданшатар, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Л.Гантөмөр гэсэн дөрвөн нэр долоо дахь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж яригдсан. Бүр судалгааны байгууллагуудаар судалгаа хүртэл гаргаж харуулсан. Г.Занданшатарыг анх зургаа дэмжиж Ерөнхий сайд болгон зургаагийн араас долоо дахь болгох төлөвлөгөөтэй байлаа. Гэвч улс төрд нэг хоногийн өмнөх яриа өнөөдөр өөр болж болдог гэдэг шиг зургаагийн дэмжлэг аажмаар суларч эхэлсэн. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай сүжирснээс л болсон байх. Одоо тэр Х.Баттулгыг налах маягтай болсон гэв. Х.Баттулгын гарт гурван хөзөр бий. Н.Алтанхуяг, З.Энхболд, Г.Занданшатар. Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн акц амжилттай болж У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрөх дээрээ тулах юм бол гар бариулах хүн нь Г.Занданшатар болж Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээр сонгогдож магадгүй. Түүнээс зургаагийнхаа итгэлийг алдаж араар нь сүүлэрсэн хүн дангаараа тэр талаас дэмжлэг авахгүй байх магадлалтай байна.

Ялтны индэр эсвэл Төрийн тэргүүний индэр...

Амьдрал алга эргүүлэхийн зуур гэдэг шиг л Н.Алтанхуяг гэх хүний 2027 оны дараа хэн байх эсэх нь энэ сонгуулиар шийдэгдэнэ. Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших юм бол аюул тарьж мэдэхээр егзөр. Дэвших хүртэл нь саад харин мундахгүй. Нам нь өөрөө тэгж ихээр дэмжихгүй байгаа. Мань хүн ч түүнийг нь мэдрээд намынхнаа тойрч явдаг болсон. Энд тэнд ганцаараа лайв, бичлэг хийгээд л сууна. Нугасны муухай дэгдээхий шиг. За нам дотроо өрсөлдөөд нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх хүнээр тодруулсан ч цаана нь шүүх гэдэг том даваа тосох болно. Хөгжлийн банктай холбоотой албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэт хэрэг нь түүний хүзүүг хэд ороох юм. Уг нь цагаатгагдсан ч өнгөрсөн тавдугаар сард хэргийг нь дахиж сөхөөд хөлийг нь чөдөрлөчихсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэнтэй нь холбоотой л гээд байгаа. Дэвшчихвэл төрийн тэргүүний сандал дээр бөгсөө тавьсан долоо дахь улс төрч болно. Гэхдээ ерөнхийлөгчид нэр дэвших бол юм шүүгчийн яллах дууг сонсох ялтны индэр түүнийх. Яаж ч болдоггүй гаслантай замнал юм. Тийм учраас Н.Алтанхуяг гэх нэрийг 2027 оны сонгуульд байхгүйд тооцож болохоор. Бараг 2028 онд УИХ-даа гарцаагүй сонгогдчихоод ой модоор хэсээд бичлэгээ хийгээд явж байх өөрт нь хэрэгтэй юм уу даа.

Цогтоо хүү гэрээ сахина...

Ардчилсан намын генсек болон улс төрд эргэн ирсэн С.Баярцогтыг Ерөнхийлөгчөөр төсөөлөх хүмүүс бас цөөнгүй байх шиг. Болохгүй юм байхгүй л дээ. Ерөнхийлөгчийг зөвхөн нийслэлийн иргэд сонгодог байсан бол гарцаагүй гарч ирэх дүр байх шүү. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигч 21 аймаг 300 гаруй сумдын иргэд бүгд таньдаггүй юм гэхэд ядаж зүс гадарладаг давуу талбай байх ёстой. Орон нутагт Сэлэнгээс өөр газар С.Баярцогтыг нэг их хүн танихгүй. Тэгээд ч мань эр Ерөнхийлөгчийн сонгуулийн амбицтай намдаа эргэж ирээгүй биз. Сонгуулиар гэрээ сахиж үлдээд ард талд яаж ажилладаг гэдгийг хангалттай харуулах байх. Шагнал нь 2028 оны жагсаалт эсвэл тойрог. Тойрогт ч азаа үзэхгүй биз дээ. Жагсаалт л байх. Ер нь тэгээд өөрөө холуур өнгөрөхгүй юм аа гэхэд гадны нөлөөтэй хол явах хүмүүсийн нэг нь тэр. Тийм учраас түүний нэр ч гэсэн хасагдаж таарна даа.

Лу.Гантөмөр...

Ардчилсан намыг нэгтгэж өнөөгийн 42 гишүүний орон зайг УИХ-д бий болгосон гэдгээрээ намдаа том гавьяатай нэгэн. Энэ үйлээ хийхдээ олон хүн гомдоосон гэмтэй ч нэгэн. Ардчилсан нам засагт хамтрах үеэс л түүний сэтгэлд Ерөнхийлөгчийн индэр багтаж эхэлсэн байх. Харамсалтай нь буруу чөтгөртэйгөө наймаалж дээгүүр байсан замнал нь уруудаж эхэлсэн. Гэхдээ сэтгэлдээ тээсэн Ерөнхийлөгчийн индрээ хаяагүй л яваа. Ерөнхийлөгчид санаатай хүмүүсээс хамгийн их далд сурталчилгаа хийж байгаа хүн нь тэр. Энэ зунжингаа л 21 аймгаар хэсэж бичлэг хийн индэрт хүрэх шороогоо овоолж эхэлсэн. Дэмий зүйлд цагаа зардаггүй түүний энэ үйлдэл нэг зүйлийг хэлээд байх шиг. Өндөр индэрт дөхөх шороогоо өөрийн зүгээс жаахан овоолчихвол өөдөөс нь олс шидэх хэн нэгэн байж магадгүй мэт. Яг үүнийг баталж байгаа мэт зургаагийн дэмжлэг түүний талд байж магадгүй гэх яриа гадуур аль хэдий нь тэнээд эхэлчихсэн байв. Өөрийн талаас арга мухардвал зүүн халааснаасаа түүний нэрийг сугалаад гаргаад ирж мэдэх л юм. Эцсийн нэр зарлагдтал Лу.Гантөмөр гэх нэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүнээр нэрлэгдэх болно.

Тодроогүй дүр...

Тодорсон дөрвөөс гадна тодроогүй хэд хэдэн дүрүүд яригдаж эхэлжээ. Хэрвээ гэдэг тохиолдолд юм уу даа. Н.Энхбаяраас бусад Н.Багабанди, М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гэх мэт МАхН-ын том дүрүүдийг тодорч байх үед хамт өгсөж явсан Н.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд байж болох дүр хэмээн МАН харсан бололтой. Хэрвээ урагш түлхсэн хүү нар нь бэртвэл түүнийг бэрс болгож түлхэхэд алдах зүйлгүй гэж. Улс төрд тийм ч муу нэртэй биш. Дээрээс нь үе үеийн фракцуудтай муу харилцаа байхгүй. Ард түмэнд ч идэж ууснаараа тодроогүй дүр. Нас намбыг нь бодсон ч өгөөжтэй харагдаж болохоор. Хэрвээ зургаагийн тал хүчирхэг хэвээр сонгуулийг угтах юм бол түүний нэр тас гээд ороод ирэхийг үгүйсгэхгүй л юм байна.

Жижиг нэртийн том санаа…

С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан гэх мэт хүмүүсийн нэр үе үе Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдоод байгаа биз. Энэ гурван хүн бол өөрсдөө санаархаж байгаа дүрүүд. Зарим нэг нь хаяагаа буулгаж, өрхөө татаж байгаад нууцхан яриа, хэлэлцээр хийж байгаа гэх сураг ч дуулдсан. С.Бямбацогт сонгуульд ивээн тэтгэх хүнээ олчхоод намын дэмжлэг хайж байгаа бол Л.Энх-Амгалан зургаа руу халамцуу орон дэмжиж өгөхийг хүссэн гэв. Харин Ж.Энхбаярыг та дараагийн Ерөнхийлөгч юм биш үү хэмээн ойрын хүмүүс нь хайрцаглаж байгаа юм байх. Тодроогүй дүрүүд том санаа агуулчихсан явж байна даа гэж харж байсан чинь хөдлөөд эхэлчихсэн байж ээ. Боломжгүй мэт л. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ тийм ээ. Тэдний хэн нэгний амьдралд үүлэн чөлөөний нар хэсэгхэн гэрэлтээд өнгөрөх ч юм билүү. Харж л сууя. Хэрвээ энэ гурваас хүн сонгох дээрээ тулах юм бол улс төрийн тэмцэл нэлээд уруудан, утгаа алдсан үед л анзаарч харагдах байх. Тэргүүн эгнээний улс төрчид лав биш. Заримд нь бараг одоогийн албан тушаал нь ахадсан л хүмүүс шүү дээ.

Six Seven...

Зургаа гэх цифрээр илэрхийлсэн нэр дээрх бичвэрт олон гарсныг анзаарсан байх. Хэнийг хэлээд байгаа гэдгийг нь ч гадарласан байх. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм шүү дээ. Зургаа гээд долоо гэдэг шиг одоогийн Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр долоо дахь Ерөнхийлөгч тодрохгүй. Тэд ямагт холбоотой байх болно. Яг л зэрэгцээ оршдог хоёр цифр шиг. Зургаагийн хүсэлд нийцсэн цагт бид долоо гэж тоолно. Тийм учраас долоогийн төлөө зургаа толгойгоо гашилгаж суугаа. Зургаад таалагдах долоо болохын тулд хэсэг нь чармайна, нөгөө хэсэг нь зургаатай тэмцэлдэж долоог өөрийн болгохын төлөө зүтгэнэ. Ийм л улс төрийн тоглолтыг ойрын гурваас дөрвөн сар бид тайлж унших хэрэгтэй болох нь дээ. "Six seven" гэж.

 


 

Сэтгэгдэл үлдээх

Уншихад урамтай сонирхолтой гоё бичвэр болсон байна. Баярлалаа😊

Tslmn.Kh

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe