600 МВт-ын сэргээгдэх эрчим хүч Оюутолгойн импортын эрчим хүчний зардлыг бууруулна

Г.Энэбиш
2026-09-08

Оюутолгойг 600 МВт-ын сэргээгдэх эрчим хүчээр хангах төслийн сонгон шалгаруулалт болно.

Эрчим хүчний яам Оюутолгой уурхайг 600 МВт-ын нар, салхины эрчим хүчээр хангах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын 13-нд зарлажээ. Үнийн өрсөлдөөнийг есдүгээр сарын 11-нд зохион байгуулж, үнэ болон найдвартай ажиллагааны шаардлагыг хангасан компани, түншлэлийг сонгохоор төлөвлөжээ. 

Төслийн хүрээнд үйлдвэрлэх цахилгааныг зөвхөн Оюутолгой уурхайд нийлүүлэх бөгөөд төвийн эрчим хүчний системд худалдахгүй гэж мэдээлжээ. Иймээс төвийн системийн тариф, төлбөрийн бүтцэд шууд дарамт учруулахгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна. Сонгон шалгаруулалтад хамгийн бага үнэ санал болгосон оролцогчоос гадна цахилгаан хангамжийн найдвартай байдал чухал шалгуур болно. Тухайлбал, 99.5 хувийн найдвартай ажиллагаа хангах шаардлага тавьсан нь нар, салхины үйлдвэрлэлийн хэлбэлзлийг эрчим хүч хуримтлуулах байгууламж, нөөц эх үүсвэр эсвэл бусад зохицуулалтын шийдлээр нөхөх шаардлагатай.

Оюутолгой уурхай одоогоор эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг БНХАУ, тэр дундаа Өвөр Монголоос импортолдог. Үүнд жилд 120 гаруй сая ам.доллар зарцуулдаг бөгөөд уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойших арван жилд нийт 1.2 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд гаруй төгрөгийг импортын эрчим хүчинд зарцуулжээ. 

Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжсэнээр одоогийн импортын төлбөрийн 70 орчим хувийг Монголд үлдээх боломжтой гэж тооцжээ. Ингэснээр зөвхөн эрчим хүчний импортыг бууруулаад зогсохгүй Оюутолгой төслөөс Монголын эдийн засагт үлдэх өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Төслийг нүүрсэнд суурилсан Тавантолгойн цахилгаан станцтай харьцуулахад богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтойг мөн онцолжээ. Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг одоо эхлүүлсэн ч 2031 оноос өмнө ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байгаа бол нар, салхины станцыг хоёр жилийн дотор барих боломжтойг албаны эх сурвалж онцолж байна. 

Гэхдээ 600 МВт-ын суурилагдсан хүчин чадал нь Оюутолгойг бүх цагт ижил хэмжээгээр цахилгаанаар хангана гэсэн үг биш. Нар, салхины үйлдвэрлэл цаг агаар, хоногийн хугацаанаас хамаардаг учраас 99.5 хувийн найдвартай ажиллагааг ямар технологи, нөөц эх үүсвэр болон хуримтлуурын хүчин чадлаар хангах нь төслийн хамгийн чухал асуудал болно.

Наадмын өмнө зохион байгуулсан өөр нэг үнийн нээлттэй өрсөлдөөнөөр шалгарсан компаниуд таван аймагт тус бүр 30 МВт-ын нарны цахилгаан станц барьж байгаа бөгөөд өрсөлдөөнт сонгон шалгаруулалт сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах боломжтойг харуулсан гэж салбарынхан тайлбарласан.  Энэхүү Оюутолгойн төслийг сэргээгдэх эрчим хүчээр хангах төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний импортын төлбөрийг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх томоохон алхам болно. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe