Боловсролын яам: Нэгдүгээр ангийн сурах бичгийг 10 дугаар сарын 1-ний дотор хэвлэн сурагчдад хүргэнэ

З.Амирлан
2026-09-08

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж “Би сурагч боллоо” хөтөлбөр эхэлсэн. Гэсэн хэдий сурагчид өнөөдрийн байдлаар сурах бичиггүй байгаа аж. Энэ тухай 

Боловсролын яамны ЕББГ-ын дарга Л.Ганбат: Ерөнхий боловсролын тухай хуульд зааснаар сургалтын хөтөлбөрийг 10 жил тутамд шинэчлэх хууль гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хуульд заасны дагуу боловсролын сайдын А46 дугаар тоот тушаалаар ерөнхий боловсролын 1-р ангийн сургалтын үйл ажиллагааг шинэчилсэн. Энэ хүрээнд 1-р ангийн эхний нэг сарыг хичээл сургуулийн үйл ажиллагаатай дасан зохицох хөтөлбөр зарласан энэ хичээлийн жилээс хэрэгжиж байна.

Хичээлийн хөтөлбөрийн шинэчлэлийг дан ганцаар хийх бус хөтөлбөрөө дагасан сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилготой. Тухайлбал 1-р ангийн хүүхдүүдийн биеийн онцлогт тохирсон ширээ сандлыг бүрдүүлэх, тоглонгоо суралцах хэрэглэгдэхүүнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байна.

Иргэдийн дунд нэр бүхий сургуулиудад сурах бичгийг хүүхдүүдийн дунд сугалаа байдлаар хангаж байна гэх асуудал яригдсан. Ийм асуудал байхгүй. Сурах бичгийг бүрэн хангахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. 

Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар: Энэ жил 1-р ангид элсэн суралцаж байгаа хүүхдүүд шинэ сургалтын хөтөлбөрөөр элсэн суралцаж эхэлж байна. Дасан зохицох хөтөлбөрийн гол онцлог нь СӨБ-оос ЕБС-д элсэхэд дасан зохицох дэмжлэг үзүүлэх, нөгөө талаар хамт олон, багш, сургуулийн үйл ажиллагаанд эерэг хандлагатай болох, сургалтын үйл ажиллагаанд оролцохдоо тодорхой дэг жаягийг мөрдөж сахих, өөртөө итгэлтэйгээр суралцах итгэлийг дэмжих зорилготой. 

Энэ жилийн 1-р ангийн сургалтын төлөвлөгөөнд эхний улиралд хүүхэд сургалтын болоод сэтгэл зүйн, танин мэдэхүйн ачааллыг тооцож, аажмаар ачааллыг нэмэх байдлаар боловсруулсан. Эхний улиралд монгол хэл, математик, дүрслэх урлаг, биеийн тамир, хөгжим, эрүүл мэнд, бүтээлч үйл ажиллагаа гэсэн хичээлүүдийн үзэж судална. Хоёрдугаар улиралд нийгмийн ухаан, байгалийн ухаан хичээлүүд нэмэгдэх юм. 

Бүтээлч үйл ажиллагаа хичээл энэ жил хэрэгжиж байгаа. Тус хичээл нь тоглоомд суурилж танин мэдэхүйн мэдлэг олгох ач холбогдолтой. Мөн үүн дээр нэмэгдээд хоёрдугаар улиралд нийгэмших, сэтгэл хөдлөлийн чадварт суралцах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжих юм. 

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир: ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурах бичгийг улсын төсвөөс хангаж, үнэ төлбөргүй олгох хуулийн зохицуулалттай. Үүний дагуу энэ жилээс 1-р ангийн хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн  хэрэгжиж байгаатай уялдуулж 1-р ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх тендер зарласан. Тендерийг зургаадугаар сарын 11-нээс зарласан боловч шаардлага хангасан компани байгаагүй. Тиймээс наймдугаар сарын 5-наас дахин тендер зарласан. Тус тендер есдүгээр сарын 9-нд нээх бөгөөд шалгарсан тендер үлдсэн хугацаанд сурах бичгээ хэвлэж 10 дугаар сарын 1-ний дотор 100 хувь түгээх ажил зохион байгуулна. 1-р ангийн сурах бичиг хэдий оройтож байгаа ч “Би сурагч боллоо” хөтөлбөр хэрэгжиж дуусахтай зэрэгцээд сурах бичгүүд бэлэн болно. 

2-5 дугаар ангийн хичээлийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй тул хуучин сурах бичгүүдээ хэрэглэнэ. Сурах бичгүүд хүүхдүүдийг 100 хувь хангах боломжтой нөөцтэй байгаа. 

6-12 дугаар ангийн 71 хувийг түрээсийн сурах бичгээр хангах тооцоо байгаа. Үүн дээр шинээр тендер зарлаж, шалгарсан компаниуд 62 мянган багцыг хэвлэж, хүргэх ажил явагдаж байна. Ингэснээр сурах бичгийн 85 хувийг хангана. Харин үлдсэн 15 хувийг зах зээлд зарагдаж байгаа сурах бичгүүдээс компаниудын тогтоосон жишиг үнээр худалдан авах зохицуулалт хийж ажиллаж байна гэж мэдээлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe