Монголын Үндэсний музейн өмнөх талбайд байрлах Хэлмэгдэгсдийн төв хөшөөг 1997 онд уран барималч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Болд бүтээжээ. 1991 онд хөшөө босгох тогтоол гарч, 1993 онд гурван удаа зарласан шилдэг бүтээлийн тендерээс уг хөшөө шалгарсан түүхтэй. Энэхүү хөшөөг 1921-1990 оны хооронд улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн 30 мянга гаруй хүний дурсгалд зориулж босгосон юм. Хэлмэгдэгсдийн хөшөөнд жил бүрийн есдүгээр сарын 10-нд буюу хүний эрхийн өдрөөр төр засгийн тэргүүнүүд, төрийн захиргааны төв байгууллага, ЦАУЗБУК, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Нийслэлийн төр захиргааны байгууллага, улс төрийн намууд, ИНХ, ТББ-ууд болон бусад байгууллага, албан газар, аж ахуйн нэгж, компаниуд, монголын нийт ард иргэд, эрх нь зөрчигдсөн хүн бүхэн цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Хэлмэгдэгчдийн хөшөөг НИТХ-ын 2007 оны 197-р тогтоолоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын хамгаалалтад авсан аж. Уг хөшөөний дөрвөлжин хар өнгөтэй төмөр хүрээ бүхий хана нь хүний эрх чөлөөг хааж боож, хязгаарлаж байгааг илэрхийлсэн утга санаатай бол, дотор нь байгаа хүний дүрс нь тэрхүү ханыг нураахыг хүссэн, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгсдийн дүрийг илэрхийлжээ. Энэхүү хөшөө нь тэртээ он жилүүдийн гомдол харуусал, үнэнийг хайсан цөхрөл, олон жил хураасан нулимс, маш олон үндэсний сэхээтэн, эрдэмтэн лам нарын амьдрал амь насаар тоглосон гунигт түүхийн гэрч болон бүтээгдсэн аж.
Урт ба өргөн нь 5м, өндөр нь 6.5м, хүндийн жин нь 7-8тн жинтэй хөшөөг гантиг чулуу, төмөр, зэсээр бүтээжээ. 1990 оноос хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт боссон анхны модернист чиглэлийн хөшөө гэдгээрээ онцлог.
Хананы дотор талд:
"Цаазын ялгүй Монгол Улс" хэмээх уриалга үг байдаг бөгөөд тус хөшөөний суурин дээр
"Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун" гэсэн дөрвөн мөрт бичээстэй байдаг.
Сэтгэгдэл үлдээх