УИХ-ын гишүүн П.Батчимэгийн санаачлан батлуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг өөрчлөлтөөр 18 наснаас дээш насны жолооны A ангилалтай иргэд скүүтер, мопед түүнтэй адилтгах тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, явган хүний замаар зорчихгүй байх зэрэг өөрчлөлтүүд орсон. Улмаар эдгээр тээврийн хэрэгсэл зорчих замын дэд бүтцийг бэлтгэхээр зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан юм.
Гэтэл замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа энэ үед иргэд скүүтер, мопедоор зорчиж ажлаа амжуулах нь түгээмэл. Харин өнөөдрийн байдлаар эдгээр хэрэгсэл хэзээнээс явж эхлэх талаар мэдээлэл өгөх төрийн байгууллага байсангүй. Угтаа наймдугаар сард нийслэлийн засаг дарга тээврийн цагдаагийн албанд хөдөлгөөнд оролцуулах хүсэлт илгээсэн гэсэн ч тодорхойгүй хэвээр байна.
Тэгвэл өнөөдөр буюу лхагва гарагт Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Скүүтер мопед явган замаар явахгүй болсон үед хөдөлгөөнийг нээнэ. Одоогийн байдлаар 1300 метр зам дагасан тусгай тэмдэглэгээ бүхий хөвөө хийсэн” гэлээ.
Нийслэлд албан ёсны 6-7 аж ахуйн нэгж 10,000 орчим түрээсийн скүүтер, цахилгаан дугуйгаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.
Нэг минутын дундаж үнэ нь 200-350 төгрөг гэж тооцон өдөрт дунджаар 3 цаг идэвхтэй ажиллагаатай байвал өдөртөө 36,000–63,000 төгрөгийн орлого олох тооцоо гарч байна.
Мөн томоохон түрээсийн компаниудын 80-аас дээш хувь нь дулааны улиралд өдөр бүр идэвхтэй ажиллагаатай байж, эргэлтэд ордог байна. Харин орлогоо бүрдүүлэх оргил үед хязгаарлалт хийсэн нь эдгээр компанийн орлого зогсож үүнийгээ дагаад ажилчид ч орлогогүй болж байгаа сөрөг талтай юм
Сэтгэгдэл үлдээх