Хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэд зарим хүнсээ танахад хүрчээ

З.Амирлан
2026-09-09

Монгол банкнаас мэдээлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 12.5 хувийн өсөлттэй гарчээ. Инфляц өссөнөөр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэд хүнсээ олон хоногоор бэлдэж чадахгүй болох, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг танахаас өөр аргагүй болж байгаа юм. 

Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнээр иргэдийн амьжиргааны зардал тэр хэрээр өсдөг. Гэвч иргэдийн орлого хэвэндээ байгаа нь амьжиргаанд хүндээр тусаж байна. Иргэд “Өмнө нь 100-150 мянган төгрөгт өргөн хэрэглээний хүнсээ цуглуулдаг байсан бол одоо зарим хүнсээ танаж, нэг тор ч дүүрэхгүй цөөн тооны хүнс худалдан авч байгаа” гэдгийг хэллээ.

Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс “Хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсөж байгаа. Гэхдээ махнаас бусад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн буюу гурил, будаа, тос, хүнсний ногоо зэргийн үнэ харьцангуй тогтвортой байна. Иргэдийн хувьд ихэвчлэн 7-14 хоногоор хүнсээ бэлдэж байна. Нэг дор сарын хүнсээ базаах нь багассан” гэв. 

Видео сурвалжилга бүтэн үзэх

Иргэдийн амьжиргааны зардал ийнхүү өсөхөд, хүнс болон шатахууны үнийн өсөлт томоохон хувийг эзэлж байна. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс 25.5 хувиар өссөн. Энэ нь инфляцын 7 хувийг хоол, хүнсний үнийн өсөлт дангаар эзэлж байгаа гэсэн үг юм. Үүнд махны үнэ голлон нөлөөлсөн байна.  

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээс сүүлийн гурван жилд өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдсөнийг харьцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe