Хамбын овоонд 575-аас доошгүй хүний шарил илэрч, дурсгалын суварга босгож байжээ

.Graph
2026-09-10

Сонгинохайрхан дүүргийн Хамбын овоо орчмоос 2003 онд олон хүний яс, лам хуврагуудын дээл, орхимж илэрсэн байдаг. Шинжээчид олдсон дунд чөмөгний тоонд үндэслэн тус газарт хамгийн багадаа 575 хүн булшлагдсан гэж тогтоожээ. Харин өмнө нь зөөсөн шороо болон дараа дараагийн олдворыг тооцвол энд 1,000 орчим ламыг цаазлан хороосон байж болзошгүй гэж судлаачид үздэг.

Барилгын шороо авч байсан экскаваторын шанаганд хүний яс, лам хуврагуудын хувцас хэрэглэл гарч ирснээр Хамбын овоо орчимд бөөнөөр булсан шарил байгааг 2003 онд илрүүлжээ. Бурханч лам Г.Пүрэвбатын удирдлагаар Нийслэлийн аврах отрядын ажилтнууд яс, эд зүйлсийг цуглуулан ангилж, шүүх эмнэлгийн шинжээчид болон Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөл байлцан баримтжуулсан байна.

Тус газраас илэрсэн 340 гавлын ясны 148-д нь сумны нүх байсан бөгөөд олонхийг ар дагзнаас буудсан шинж тэмдэгтэй байжээ. Мөн хүний яснаас хамгийн удаан хадгалагддаг 1,150 дунд чөмөг олдсон нь 575-аас доошгүй хүний шарил байсныг илтгэнэ гэж тооцсон байна.

Хамбын овооноос 2003 оноос өмнө авсан барилгын шороотой хамт олон хүний шарил зөөгдсөн, суварга босгосны дараа ч яс удаа дараа илэрсэн зэргийг үндэслэн бурханч лам Г.Пүрэвбат, зохиолч, сэтгүүлч Г.Аким нар тус газарт 1,000 орчим ламыг цаазлан хороосон байж болзошгүй гэж үзжээ.Уг газар нь төв, орон нутгийн сүм хийдийн тэргүүн болон дэд хамба нарыг бөөнөөр нь цаазалсан газар байсан бөгөөд 1930–1940-өөд оноос “Хамбын овоо” хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй аж.

Хэлмэгдэгсдийн чандрыг 6,000 сацад залжээ

Хамбын овооноос нийт хоёр өөрөө буулгагч автомашин дүүрэх хэмжээний яс гарсныг чандарлаж, ариун шороо, шавартай хольж 36 төрөл бүхий 6,000 сац бүтээсэн байна.Улмаар Өндөр гэгээний уламжлалт загвараар есөн метр өндөр, алтан ганжиртай “Давхарлагт байшин суварга”-ыг Хамбын овоонд босгожээ. Уг суваргад сацнуудыг ном судар болон бусад оршоолгын эд зүйлсийн хамт залсан байна.

Суварга босгох газрын асуудлыг 2003 оны зургаадугаар сарын 14-нд шийдвэрлэж, хоёр сарын хугацаанд барьж дуусган, мөн оны есдүгээр сарын 11-нд буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр аравнайлжээ.Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2004 оны 96 дугаар тогтоолоор суваргыг Монголын уламжлалт урлах ухаан, соёлын төвд хариуцуулж, жил бүр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр ном хурж, хүндэтгэл үзүүлж байхаар шийдвэрлэсэн байна.

Хамбын овоог дурсгалын хүрээлэн болгоно

Хамбын овоон дахь хэлмэгдүүлэлтийн түүхэн газрыг хамгаалж, ногоон байгууламж бүхий дурсгалын цогцолбор болгон хөгжүүлэхээр “Хамбын овоо дурсгалын хүрээлэн” төслийг санаачилжээ.Төслийн зорилго нь хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэхийн зэрэгцээ уучлал, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн, хүний эрхийн боловсрол, судалгааны орон зай бий болгоход чиглэж байна. Энэ хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын болон нийслэлийн салбар комисс, Монголын Бурхны шашны “Соёмбо” сүм, Монголын хүний эрхийг хамгаалах үндэсний холбоо 2026 оны нэгдүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан энэ жил Хамбын овоонд шашны зан үйл үйлдэж, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ түүхэн баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг анх удаа олон нийтэд толилуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсад 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр 18,849 лам, мяндагтан хилс хэрэгт татагдаж, тэдний 75 хувьд цаазын ял оноосон гэх тоо баримт бий. Мөн 2017 оны судалгаагаар хэлмэгдүүлэлтийн жилүүдэд 1,250 орчим сүм, хийд устгагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe