ХЭҮК: Түр оршин суух хаягтай хүүхдийн сурах эрх зөрчигдсөн гомдол жил бүр ирдэг

З.Амирлан
2026-09-10

Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т ирдэг нийт гомдлын 10 орчим хувийг хүүхдийн эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл эзэлж байна. Иймд ирж буй гомдол, авч байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ХЭҮК-оос хэвлэлийн хурал зохион байгууллаа.  

Түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй хүүхдийн сурах эрх, үе тэнгийн дээрэлхэл, сургуулийн даац хэтэрч нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа зэрэг асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

Түр оршин суугаа хаягийн бүртгэлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа явдал жил бүр гарч байна. Энэ бол хүүхдийн хамран сургах тойргийг тогтоохдоо байр нь эцэг эхийн нэр дээр бүртгэлтэй байх зэргээр хөрөнгийн мэдээллийг шаардах нь хүүхдийг ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлийг бий болгодог. Үүнээс үүдэн түр хаягийн бүртгэлтэй гэх шалтгаанаар хамран сургах сургуульд бүртгэхгүй байх нь хүүхэд сургуулиас завсардах эрсдэлтэй. Төрийн байгууллага нэн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлэх ёстой. Энэ төрлийн бичиг баримт нэхэж буй асуудал байж болшгүй гэж үзэж байна. Тиймээс сургууль болон боловсролын байгууллагын удирдлагууд тухайн хаяг дээр бүртгэлтэй, тодорхой шилжилт хөдөлгөөн хийгдсэн бол хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах шаардлагатай гэдгийг ХЭҮК-оос байнга илэрхийлсээр байна. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гомдол мэдээллийн мөрөөр сурч боловсрох эрхийг хангах, сургалтын байгууллагад хамруулах тодорхой арга хэмжээнүүдийг байнга авч ажиллаж байгаа.

Хүүхдийн хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулж байгаа тохиолдол гарсан. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал,  эрүүл аюулгүй орчинд өсөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. 

ХЭҮК-оос өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн үе тэнгийн дээрэлхэл гарч байгаа асуудал дээр дүн шинжилгээ хийж, ийм асуудал гарахад шуурхай арга хэмжээ авч, шийдвэрлэх хэрэгтэй гэх зөвлөмжийг энэ оны нэгдүгээр сард боловсролын сайдад хүргүүлсэн. Хэдий зөвлөмж, шаардлага хүргүүлж, хяналт тавих ажил байнга хийгдэж байгаа боловч үе тэнгийн дээрэлхэл гарах, үүнээс үүдэн цаашлаад хүүхдийн бусад эрх зөрчигдөх эрсдэл нэмэгдэж байна. Мөн багш ажилтнуудын зүгээс хүүхдэд үзүүлж буй зүй бус харьцаа, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй үйлдэл гаргаж байгааг түүврийн аргаар шалгаж, үр дүнг Нийслэлийн Боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн. 

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн даац хэтэрч нэг ангид 60–70 сурагч хамрагдах, сургуулийн танхим хүрэлцээгүйн улмаас хувийн аж ахуйн нэгжийн байрыг түрээслэх замаар хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах, сурагчид хуванцар сандал дээр сууж хичээллэх зэрэг гомдол ирж байгаа. Төрийн байгууллагуудад Монгол улсын төрөлт, хүний хаягийн мэдээлэл зэрэг байдаг учраас үүнтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг урьдчилан шийдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 2026-2027 оны хичээлийн жил тухайн хамрах тойрогт хэчнээн хүүхэд 1-р ангид элсэх нарийн тоон мэдээлэл байдаг. Үүн дээр төлөвлөгөө хийгээд явбал хүүхдийн эрхийн зөрчил буурна” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe