Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд ойртох үзэгдэл нэмэгджээ. Суурьшлын бүс рүү орсон тохиолдлууд Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдээд байна. Түүнчлэн манай улстай хил залган оршдог ОХУ-ын Буриад улсад өнгөрсөн сарын туршид баавгай хот суурин газарт орж ирэн хүнд халдсан тохиолдол бүртгэгдсээр байна.
Энэ талаар тус улсын мэдээллийн байгууллагууд саяхан Баргузин дүүрэгт баавгайн дайралтад өртөж, жуулчин амиа алдсан талаар мэдээлж байсан. Мөн Кижигинскийн дүүрэгт баавгайн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр буюу лхагва гарагт цахим хичээлд шилжжээ.
Усть-Илимск хотод баавгай хувийн байшинд орохыг оролдсон талаар ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээлсэн юм.
Баавгай нь ичээндээ орохын өмнө хоол, тэжээлээ цуглуулж, нөөцөлдөг тул энэ үетэй давхцан ой руу самар, жимс түүхээр явахгүй байхыг албанынхан анхаарууллаа.
Мөн энэ жилийн хувьд улс даяар самрын нөөц бага байгаа бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу түүхээс бусад тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд 5.4-27 сая төгрөгөөр торгох, 1-5 жилийн хугацаагаар хорих ял оноодог байна.
Иймд Эрхүү мужаас эхлээд Буриад, Забайкальск болон Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгуудад баавгайн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүд иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна.
Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд зураг авах, өөрсдөө хөөж явуулахыг оролдох хэрэггүй бөгөөд аюулгүй газар нуугдахын зөвлөж байна.
Ямар нэг байдлаар ой руу зүглэж буй иргэд баавгайтай тулгарахаас сэргийлж ганц нэгээрээ ойд явахгүй байх, ой тайгын гүнд гэр майхан барьж байрлахгүй байх, чанга дуу гаргах төхөөрөмж, баавгай үргээгч шүршигч, шүгэл зэргийг биедээ байнга авч явахыг зөвлөлөө. Мөн АНУ-ын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албанаас хоол хүнс, хүнсний хаягдал баавгайг татах эрсдэлтэй тул ой болон суурьшлын бүсийн ойролцоо хоолны үлдэгдэл, ил задгай хог хаяхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх