National Opinion: Н.Алтанхуяг ахмадуудын дунд, Г.Занданшатар залуучуудын дунд дэмжлэг сайтай байна

.Graph
2026-09-10

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдийн дундаас Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын дэмжлэг бусдаасаа ялгарч байна. Гэхдээ нийт сонгогчдын 38.8 хувь хэнийг дэмжихээ одоогоор шийдээгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөний дүр зураг бүрэн тогтоогүйг харууллаа.

Үндэсний санал бодлын сар тутмын “National Opinion” судалгааны наймдугаар сарын үр дүнгээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал болгосон хүмүүс нэр дэвшвэл хэнийг дэмжихийг асуухад Н.Алтанхуягийг 25.9 хувь, Г.Занданшатарыг 24.1 хувь нь сонгожээ. Хоёр улстөрчийн хоорондын зөрүү ердөө 1.8 хувийн нэгж байгаа тул аль нэгийг нь илт тэргүүлж байна гэж дүгнэх боломжгүй.

Харин хамгийн өндөр үзүүлэлт нь аль нэг улстөрчийнх биш байв. Судалгаанд оролцогчдын 38.8 хувь нь сонголтоо одоогоор шийдээгүй гэж хариулжээ. Т.Доржханд, Б.Нямтайшир нар тус бүр 2.8 хувь, С.Молор-Эрдэнэ 2.2 хувийн дэмжлэг авсан бол 2.6 хувь нь мэдэхгүй, 0.9 хувь нь хариулаагүй байна.

Н.Алтанхуяг АН-аас санал болгосон хүмүүсийн дунд хамгийн өргөн дэмжлэгтэй

“National Opinion” судалгаагаар намуудаас нэр дэвших боломжтой хүмүүсийг тус бүрээр нь нэрлэж, тухайн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хэр дэмжихийг мөн үнэлүүлжээ. Энэ асуултын дүн АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд Н.Алтанхуяг бусдаасаа мэдэгдэхүйц ялгарч байгааг харуулж байна.

Н.Алтанхуягийг судалгаанд оролцогчдын 14.0 хувь нь “бүрэн дэмжинэ”, 29.3 хувь нь “дэмжинэ” гэж хариулжээ. Ингэснээр түүнийг тодорхой хэмжээнд дэмжих хоёр эерэг хариулт нийлээд 43.3 хувь болж байна. Үүн дээр “зарим талаар дэмжинэ” гэсэн 15.7 хувийг нэмбэл нийт оролцогчдын 59.0 хувь нь Н.Алтанхуягт ямар нэг түвшний эерэг хандлага илэрхийлжээ. Харин “дэмжихгүй” болон “огт дэмжихгүй” гэсэн хариулт нийлээд Н.Алтанхуягийн хувьд 34.1 хувь байна.

АН-аас санал болгосон бусад хүмүүсийн хувьд “бүрэн дэмжинэ” болон “дэмжинэ” гэсэн хоёр хариултыг нийлүүлбэл О.Цогтгэрэл 21 орчим хувь, С.Ганбаатар 21 орчим хувь, Б.Пүрэвдорж 20 орчим хувьтай байна. С.Баярцогт, Р.Амаржаргал, Л.Гантөмөр нарын хувьд энэ үзүүлэлт үүнээс доогуур гарчээ. Ингэснээр Н.Алтанхуягийн дэмжлэг зөвхөн бусад намын боломжит нэр дэвшигчидтэй харьцуулсан сонголтын асуултад өндөр байгаа төдийгүй АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийг тус бүрээр нь үнэлүүлэхэд ч бусдаасаа тод ялгарч байна.

МАН-аас Г.Занданшатар хамгийн өндөр дэмжлэгтэй байна

МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн үнэлгээгээр Г.Занданшатар мөн тэргүүлжээ. Түүнийг оролцогчдын 8.8 хувь нь “бүрэн дэмжинэ”, 22.6 хувь нь “дэмжинэ” гэж хариулсан байна. Эдгээр хоёр хариултыг нийлүүлбэл 31.4 хувь болно. Мөн 23.2 хувь нь “зарим талаар дэмжинэ” гэж хариулжээ. Ингэснээр Г.Занданшатарыг ямар нэг түвшинд дэмжсэн гурван хариултын нийлбэр 54.6 хувь байна.

Л.Энх-Амгаланг “бүрэн дэмжинэ” болон “дэмжинэ” гэсэн хариулт нийлээд 24 орчим хувь, С.Бямбацогтынх 21.5 хувь байна. С.Амарсайхан дараагийн түвшинд байгаа бол Ж.Энхбаяр, Б.Батцэцэг нарын дэмжлэг харьцангуй доогуур гарчээ.

Дэмжлэгээс гадна эсэргүүцлийн хэмжээ нэр дэвшигчдийн боломжийг тодорхойлно

Эдгээр үзүүлэлтийг зөвхөн хэн илүү олон дэмжигчтэй вэ гэдгээр харах нь хангалтгүй. Боломжит нэр дэвшигчийн анти-рейтинг буюу дэмжихгүй сонгогчдын хэмжээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд чухал үзүүлэлт болж байна.

Н.Алтанхуягийн хувьд “дэмжихгүй” болон “огт дэмжихгүй” гэсэн хариулт нийлээд 34.1 хувь байгаа бол Г.Занданшатарын хувьд 40.2 хувь байна. Харин зарим боломжит нэр дэвшигчийн хувьд эдгээр хоёр сөрөг хариултын нийлбэр 50, бүр 60 хувиас давжээ. Тухайлбал, АН-аас санал болгосон С.Баярцогт, Р.Амаржаргал, Л.Гантөмөр болон МАН-аас санал болгосон Ж.Энхбаяр, Б.Батцэцэгийн хувьд дэмжихгүй гэсэн хоёр хариултын нийлбэр 60 орчим хувь болон түүнээс дээш байна.Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийг үнэлэхдээ дэмжигчдийн хэмжээнээс гадна эсэргүүцэгчдийн хэмжээ буюу дэмжлэгээ цааш тэлэх боломжийг хамтад нь харах шаардлагатайг харуулж байна.

Сонгуулийн өрсөлдөөн одоогоор нээлттэй хэвээр байна

Гурван үзүүлэлтийг хамтатган харахад Н.Алтанхуяг, Г.Занданшатар нар одоогоор хамгийн хүчтэй байр суурьтай боломжит нэр дэвшигчид байна. Тэд нийт сонгогчдын сонголтын асуултаар бараг зэрэгцэж байгаа бөгөөд өөр өөрийн намаас санал болгосон хүмүүсийн дунд ч хамгийн өндөр дэмжлэгтэй байна.

Гэхдээ үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн хоёр хүний хооронд аль хэдийн тогтсон гэж ойлгох боломжгүй. Сонгогчдын 38.8 хувь сонголтоо хараахан шийдээгүй байгаа нь одоогийн хамгийн том үзүүлэлт хэвээр байна. Түүнчлэн намууд албан ёсны нэр дэвшигчдээ тодруулах хүртэл сонгогчдын хандлагыг тогтмол хэмжих шаардлагатай. “National Opinion” судалгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн дэмжлэгийг сар бүр тогтмол хэмжиж, нас, хүйс, өрхийн орлого, намын харьяалал, хөдөлмөр эрхлэлт, газар зүйн байршил, боловсролын түвшин зэрэг үзүүлэлтээр задлан харьцуулж байна.

“National Opinion” судалгааны тухай

“National Opinion” үндэсний санал бодлын судалгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол нэг удаагийн санал асуулгаар бус, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Судалгаагаар төрийн байгууллага, улс төрийн нам, улстөрчдийн үнэлгээ, нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого, олон улсын харилцаа, сонгогчийн зан төлөв зэрэг сэдвийг тогтмол хэмжихээс гадна цаг үеийн асуудлаарх олон нийтийн санал бодлыг тодруулдаг.

Судалгаанд нийслэл болон бүсчилсэн байдлаар сонгосон аймгуудын 18-аас дээш насны 1000 иргэнийг сар бүр хамруулдаг. Оролцогчдыг нас, хүйс, байршлыг харгалзан түүврийн аргачлалаар сонгож, судалгааны ярилцлагыг судлаач биечлэн авч, хариултыг таблет, компьютерт шууд бүртгэдэг CAPI арга ашигладаг. Ингэснээр мэдээллийг бүхэлд нь шалгаж, чанарыг баталгаажуулах боломжтой. Судалгааны бүрэн тайланд үзүүлэлтүүдийн сар бүрийн өөрчлөлт, хүн ам зүйн дэлгэрэнгүй задаргаа багтдаг. Мөн хэрэглэгчид судалгааны аргачлал, үр дүнтэй танилцаж, мэдээллийг шалгах боломжтой.

 Эх сурвалж: National Opinion 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe