Энэ оны наймдугаар сараас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон талаар дөрвөн дуудлага бүртгэгджээ. Хүрэн баавгай суурьшлын бүсэд орох тохиолдол нэмэгдэж байгаа шалтгаан нь энэ жил самар бага ургаж, идэш тэжээл хомсодсонтой холбоотой гэж албаныхан тайлбарлалаа.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттогтох: “Хүрэн баавгай нь наймдугаар сарын сүүлээс эхлэн идэш тэжээлээ эрчимтэй нөөцөлж, арваннэгдүгээр сарын эхээр ичээндээ ордог. Хүрэн баавгай самар, жимс жимсгэнэ, мөөг болон жижиг хөхтөн амьтан, амьтдын үр төлийг барьж иддэг холимог идэштэн амьтан юм. Сүүлийн үед суурьшлын бүсэд баавгай орох тохиолдол нэмэгдсэн нь энэ жил самар бага ургасантай холбоотой. Ичээнд орох цаг ойртсон тул идэш тэжээл эрчимтэй хайж байгаа явдал юм. Мөн зарим нутгаас баавгай олширч байна, агнуулна гэж ярьж байна. Одоогийн байдлаар хүрэн баавгайн тоо толгой болон байршлын нарийн мэдээлэл байхгүй. Тиймээс хүрэн баавгай олшроод байна уу, эсвэл бид баавгайн бүс нутаг руу хэт түрж ороод байна уу гэдгийг салгаж бодох хэрэгтэй” гэжээ.
Баавгай хоол тэжээлийн дутагдалд орж байгаатай холбогдуулан БОУАӨЯ-наас улсын хэмжээнд самар түүхийг хориглолоо. Одоо ууланд гарчихсан самар түүж байгаа иргэдийг яаралтай уулнаас буухыг албаныхан анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх