Иргэн Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг АТГ-т шалгуулахаар хандлаа

Г.Энэбиш
2026-09-10

Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх иргэнийхээ хувиар  Ерөнхий сайд Н.Учралыг гэр бүлийнх нь хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс ₮3.5 тэрбум тусгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргалаа. Харин Ерөнхий сайд уг сургууль төсвийн санхүүжилт хүсээгүй, өөрөө хувь эзэмшдэггүй хэмээн мэдэгдэж, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгуулах хүсэлтээ АТГ-т өглөө. 

Энэ тухай Б.Энхмөнх “Гэртээ ойр сургууль” арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий ерөнхий боловсролын сургуульд ₮3.5 тэрбум төсөвлөхөөр төсвийн төсөлд тусгасан гэж мэдэгдэв.Тэрбээр улсын сургуулиудын анги дүүргэлт, сургалтын орчны асуудал хүндрэлтэй байхад Ерөнхий сайдын хамаарал бүхий хувийн сургуульд төсөв хуваарилахаар төлөвлөсөн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Иймээс Ерөнхий сайд Н.Учрал төсөв боловсруулах явцад нөлөөлсөн, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг хянан шалгуулахаар АТГ-т хүсэлт өгчээ. 

Н.Учрал: Төсвийг унагахаар хөгшин эцэх эхээр минь бүү улс төр хий!

Ерөнхий сайд Н.Учрал мөн АТГ-т очиж, өөртэй нь холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалган тогтоох хүсэлт гаргажээ.

Тэрбээр АТГ-аас гарч ирснийхээ дараа мэдээлэл өгөхдөө:

“Манай гэр бүлийн хамаарал бүхий ‘Их засаг кинг’ сургууль ямар нэг хүсэлт гаргаагүй. Ямар ч мөнгө дансаар орж, гараагүй. Би тус сургуульд хувь эзэмшдэггүй. Надад нууж, хаах зүйл байхгүй” гэв.

Түүний тайлбарласнаар төсвийн төсөлд тусгагдсан арга хэмжээний задаргааг Сангийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хянаж, холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурдаг аж. Мөн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэхдээ төсөл, арга хэмжээ бүрээр нь нягталж, аудит болон бусад шатны хяналт хийдэг гэж мэдэгдлээ.

Н.Учрал:

“Манай аав, ээж боловсролын салбарт олон жил ажилласан. Надаас үл хамааран ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн хүмүүс. Миний хөгшин аав, ээжийг улс төрдөө битгий хутгаач” хэмээн хэлэв.

Түүнчлэн уг мэдээллийг хэн нэгний өгсөн Excel файлд үндэслэн тарааж, баримтгүйгээр нэр хүндэд нь халдаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Төсвийн төсөлд тухайн сургуулийг оруулсан асуудал Засгийн газрын танхимын түвшинд зориуд хийгдсэн байж болзошгүй эсэхийг шалгуулна гэв.

АТГ асуудлыг шалгах нь

АН-ын бүлэг Ерөнхий сайдыг эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн хүсэлт гаргасан бол Н.Учрал өөрөө ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхээ шалгуулахаар ханджээ. Одоогоор АТГ уг асуудлаар шалгалт эхлүүлэх эсэх нь анхаарал татсан үйл явц боллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe