Хэлмэгдүүлэлт бол зөвхөн өнгөрсөн түүх биш

З.Амирлан
2026-09-10

“Хэлмэгдүүлэлт” гэдэг үгийг сонсоход олон хүнд өнгөрсөн зууны хар бараан түүх, баривчилгаа, цааз, шорон санаанд ордог. Гэхдээ хэлмэгдүүлэлт гэдэг нь зөвхөн хүнийг баривчилж, шийтгэсэн явдал биш. Хүнийг гэм буруугүй байхад нь үзэл бодол, гарал үүсэл, албан тушаал, хэн нэгэнтэй холбоотой гэх шалтгаанаар эрх чөлөө, амь нас, нэр төрөөс нь салгахыг хэлмэгдүүлэлт гэж ойлгож болно. Энэ бол нэг хүний биш, бүхэл бүтэн нийгмийг захирч эхэлсэн үе.

Чи буруугүй байсан ч буруутан болж болно

Монголын түүхэнд 1930-аад он бол хэлмэгдүүлэлтийн хамгийн хүнд үеийн нэг байлаа. Тэр үед олон мянган хүн “хувьсгалын эсэргүү”, “төрийн дайсан”, “японы тагнуул” гэх мэтээр буруутгагдаж, баривчлагдсан. Хамгийн аймшигтай нь тухайн хүнийг буруутгахад заавал гэмт хэрэг үйлдсэн байх шаардлагагүй байв.

Хэн нэгэн хүнийг таньдаг байсан.
Хэн нэгний ах, дүү байсан.
Шашин шүтдэг байсан.
Төрийн алба хашиж байсан.
Эсвэл зүгээр л эрх баригчдын таалалд нийцээгүй үзэл бодолтой байсан. Ингээд л хүний амьдрал нэг өдрийн дотор өөрчлөгдөж байв.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны 47 дугаар тогтоолоор Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдаж, шүүхээс гадуур ял оноох, цаазаар авах эрхийг авснаар тус шөнө төр, цэрэг, шашин, соёлын олон зуун зүтгэлтнийг нэгэн зэрэг баривчилжээ. Их хэлмэгдүүлэлтийн уршгаар 45,000- 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,000 нь лам нар байв. 

 Хэлмэгсдийг тухайн үеийн нийгэм гарлаар ангилж үзвэл:  

  • Лам - Хамгийн олноор хэлмэгдсэн бүлэг. Монгол даяар шашныг устгах зорилгоор сүм хийдийг буулгаж, лам нарыг хороосон.
  • Сэхээтэн - Монголыг удирдахад оюунлаг хүмүүс саад болно гэж үзэн багш, эмч, судлаач, төрийн зүтгэлтэн зэрэг сэхээтнүүдийг хороосон.
  • Цэрэг - Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүдийг улсын аюулгүй байдалд хор хөнөөл учруулсан хэмээн гүтгэж буудсан.
  • Энгийн иргэд - Тагнуул, эсэргүү, шашны урсгал дагагч гэж ямар ч гэмгүй иргэд хэлмэгдэж буудуулсан.

Мартаж үл болох тэр жилүүдэд монгол хүний мөн чанар голдоо ортол танигдаж байв. Нэг хүн баривчлагдахад дор хаяж таван хүнийг нэрлэж, барьж өгдөг. Хүмүүс нуугдаж болох бүх газарт, зугтаж болох бүх аргыг эрэлхийлдэг байв. Гэм буруутай үйлдэл огт хийгээгүй ч хүний бараа алсаас харагдвал айж чичирдэг, нуугддаг. Итгэл найдварын оч унтарсан тийм л үе. 

Хэлмэгдүүлэлт зөвхөн тухайн хүний амьдралаар дууссангүй. Аав нь баривчлагдвал хүүхэд нь “урвагчийн хүүхэд” гэх нэр зүүж болно. Эхнэр нь нөхрийнхөө хувь заяаг мэдэхгүй хүлээж болно. Гэр бүлээрээ нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болно. Гэнэт баривчлагдаж болно. Буудуулж болно…

Хэлмэгдүүлэлтээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олноор хөнөөсөн. Тэднийг нөхөр, ах дүүгийнхээ хамт “урвагчийн гэр бүл” хэмээн гүтгэж, хөнөөдөг байв. Өөрөөр хэлбэл нэг хүнийг шийтгэх нэрийн дор түүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүс хүртэл айдаст амьдарч байжээ.

Хэлмэгдүүлэлт зөвхөн өнгөрсөнд үлдсэн явдал биш

Монгол Улсын Бага Хурал 1990 оны 12 дугаар сарын 14-нд “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах тухай” хууль баталсан. Энэ нь хэлмэгдүүлэлтийг төрийн түвшинд хүлээн зөвшөөрч, хохирогчдыг цагаатгах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн чухал алхам болж байв.

Цаашлаад 1996 онд Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилгоор “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. 

Үүнээс хойш цагаатгал, нөхөн олговор, архивын баримт судлах, хөшөө дурсгал босгох, хэлмэгдүүлэлтийн түүхийг судлах ажлууд үргэлжилсээр байна.

Хэлмэгдүүлэлт бол зөвхөн өнгөрсөн түүх биш. Өнөөдөр олон гэр бүл үе үеэрээ энэ аймшигт хэлмэгдүүлэлтийн шархыг тээсээр амьдарч байна.

Болсон явдлыг үнэнээр нь мэдэж, хохирогчдын түүхийг сонсох нь үлдэж буй бидэнд хүний эрх, шударга ёс гэдэг ямар чухал болохыг, өнөөгийн ардчилсан нийгэм ямар үнэ цэнтэй, хамгаалах ёстой зүйл гэдгийг ойлгуулж буй явдал юм.

Орчин үед үзэл бодол, нийгмийн гарал, гадаад үзэмжээр нь хүнийг хавчих, олон нийтийн өмнө нотолгоогүйгээр гэм буруутан мэтээр харлуулж гүтгэх, баримт нотолгоо дутмагтайгаар ял шийтгэл оноох зэрэг нь хүний эрхийн ноцтой асуудал хэвээр байна. Мэдээж өнөөгийн нөхцөл байдлыг 1930-аад оны үйл явдалтай шууд адилтгаж болохгүй. Гэхдээ түүх бидэнд ийм хүнд нөхцөл байдлыг туулж ирсэн, ийм зүйл дахиж битгий давтагдаасай гэдгийг сануулж, анхааруулж өгдөг амьд сургамж юм.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe