Brent газрын тосны үнэ $100 давж, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэв

.Graph
2026-09-10

АНУ, Ираны хоорондын мөргөлдөөн эрчимжиж, Персийн булангийн газрын тосны нийлүүлэлт тасалдах болгоомжлол нэмэгдсэнээр Brent маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа $100-ыг давлаа. Үнийн өсөлт удаан үргэлжилбэл дэлхий даяар бензин, дизель түлш, тээвэр болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй байна. Олон улсын зах зээлд Brent газрын тосны үнэ $101.21, АНУ-ын WTI газрын тосных $96.05 орчимд хүрчээ. Brent-ийн үнэ өнгөрсөн нэг сарын хугацаанд 25 орчим хувиар өссөн байна.

Үнийн огцом өсөлтийн гол шалтгаан нь АНУ, Ираны харилцан халдлага болон Ойрх Дорнодын эрчим хүчний дэд бүтцэд учирч буй эрсдэл юм. Мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлийн нийлүүлэлтээс өдөрт 10 сая орчим баррель газрын тос хасагдсан гэж шинжээчид тооцжээ.

Ялангуяа дэлхийн газрын тосны худалдааны стратегийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэр доголдох, Саудын Араб болон бүс нутгийн бусад үйлдвэрлэгчийн дэд бүтэц халдлагад өртөх эрсдэл зах зээлийг түгшээж байна.Нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх боломж ч хязгаарлагдмал болжээ. АНУ-ын стратегийн газрын тосны нөөц 1982 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол бусад үйлдвэрлэгчийн сул хүчин чадал хангалтгүй байгааг шинжээчид анхааруулсан байна.

Газрын тосны үнэ өндөр түвшинд удаан тогтвол

  • бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ өсөх;
  • авто болон агаарын тээврийн зардал нэмэгдэх;
  • хүнс, өргөн хэрэглээний барааны өртөг өсөх;
  • инфляц эрчимжих;
  • төв банкууд бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан барих эрсдэлтэй.

Зарим шинжээч газрын тосны дэд бүтэц дахин халдлагад өртөж, нийлүүлэлт улам хумигдвал Brent-ийн үнэ $120 хүрэх, онцгой нөхцөлд $150 хүртэл түр өсөх магадлалтай гэж үзжээ. Монгол Улс шатахууны хэрэглээгээ бараг бүхэлд нь импортоор хангадаг учраас дэлхийн газрын тосны үнийн өсөлт нь импортын өртөг, шатахууны жижиглэнгийн үнэ болон инфляцад тодорхой хугацааны хоцрогдолтой нөлөөлөх эрсдэлтэй.

Эх сурвалж: Reuters, Associated Press

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe