Монгол Улсын инфляц 2026 оны наймдугаар сард 12.5 хувьтай гарч, өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтийн 43 хувийг дотоодын хүнс дангаараа бүрдүүлсэн бол нийт инфляцын 60 орчим хувь нь нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалжээ.

Инфляц 2024 оны наймдугаар сард 6.1 хувь байсан бол 2025 оны мөн үед 8.8 хувь, 2026 оны долоодугаар сард 13 хувь болж өссөн. Наймдугаар сард 12.5 хувь болж ялимгүй саарсан ч үнийн өсөлт өндөр түвшинд хэвээр байна.
Наймдугаар сарын инфляцын 5.4 нэгж хувь буюу 43 хувийг дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ.
Шатахууны үнийн өсөлт нийт инфляцад 1.6 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Тодруулбал, дизель түлш 0.7, АИ-92 бензин 0.6, АИ-80 бензин 0.3 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна. Үйлчилгээний үнийн өсөлт инфляцыг 1.4 нэгж хувиар нэмэгдүүлснээс боловсролын үйлчилгээ 1.2 нэгж хувийг бүрдүүлжээ.
Нийлүүлэлтийн шалтгаант инфляц 7.5 нэгж хувьтай гарлаа
Засгийн газрын тооцоогоор наймдугаар сарын 12.5 хувийн инфляцын 7.5 нэгж хувь нь нийлүүлэлтийн, таван нэгж хувь нь эрэлтийн хүчин зүйлээс шалтгаалжээ. Өөрөөр хэлбэл, нийт үнийн өсөлтийн 60 орчим хувь нь хүнс, шатахуун болон бусад бараа, үйлчилгээний нийлүүлэлттэй холбоотой тайлбарлагдаж байна. Эрэлтийн гаралтай инфляц 2026 оны эхний улирлуудад эрчимжиж, долоодугаар сард 4.6 нэгж хувьд хүрсэн бол наймдугаар сард таван нэгж хувь болж нэмэгджээ. Үүнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт болон төсвийн зардлын тэлэлт нөлөөлсөн гэж үзсэн байна.
Цалин, тэтгэврийн өсөлт инфляцыг 1.8 нэгж хувиар нэмэгдүүлэх тооцоо гарчээ
Засгийн газрын ирэх оны төсвийн төслийн танилцуулгад 2026 болон 2027 оны төсвийн бодлого инфляцад хоёр талын нөлөө үзүүлэхээр байгааг тооцсон байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлснээр өрхийн бодит орлого, хэрэглээ өсөж, дотоодын эрэлт тэлэх тул эрэлтийн гаралтай инфляцыг 1.8 нэгж хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.
Харин дотоодын хүнс, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлснээр нийлүүлэлтийн гаралтай инфляцыг 2.1 нэгж хувиар бууруулах боломжтой гэж үзсэн байна. Эдгээр тооцоог нэгтгэвэл төсвийн бодлогын цэвэр нөлөө инфляцыг 0.3 нэгж хувиар бууруулахаар байгаа ч энэ нь хүнс, шатахууны нийлүүлэлтийг төлөвлөсөн хэмжээнд бодитоор нэмэгдүүлж чадсан нөхцөлд биелэх боломжтой.
Эдийн засаг 7.7 хувиар өссөн ч нийт ажиллагчдын тоо буурав
Монголын эдийн засаг 2026 оны хоёрдугаар улиралд 7.7 хувиар өссөн ч үүний 4.7 нэгж хувь буюу 61 хувийг уул уурхай, тээврийн салбар бүрдүүлжээ. Гэвч эдгээр салбарт нийт ажиллагчдын ердөө 12.9 хувь ажилладаг тул эдийн засгийн өсөлтийн хүртээмж сул байна.
Нийт ажиллагчдын тоо нэг жилийн хугацаанд 22 мянгаар буюу 1.6 хувиар буурч, 1.368 сая болжээ.
Мөн өрхийн хэрэглээний өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 16.4, 2025 оны мөн үед 9.9 хувь байсан бол 2026 оны хоёрдугаар улиралд 0.5 хувь болж огцом саарчээ. Энэ нь эдийн засгийн өндөр өсөлт өрхийн хэрэглээ, ажлын байр, орлогод жигд шилжихгүй байгааг баталлаа.
Засгийн газар инфляцын одоогийн дарамтыг зөвхөн бодлогын хүүгээр хязгаарлах бус, хүнс, шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар бууруулах шаардлагатай гэж үзжээ. Канад, Казахстан, Гүрж зэрэг улс нийлүүлэлтийн гаралтай инфляцын үед бодлогын хүүгээ хэвээр хадгалж, татвар, нөөц, логистик болон худалдааны шат дамжлагад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тухай онцолжээ.
Сэтгэгдэл үлдээх