Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-т Казах иргэд ялгаварлан гадуурхаж байгаатай холбоотой нийт 21 гомдол бүртгэгджээ. Үүнээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой хоёр гомдлыг эрүүгийн болон зөрчлийн хуулийн шинжтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн байна.
ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "УИХ-ын гишүүнтэй холбоотой ёс зүйн зөрчил гаргаж байна, яс үндсээр ялгаварлан гадуурхаж байна гэсэн агуулгатай гомдлууд энэ оны зургаадугаар сараас хойш манайд ирж байгаа. Бид шалгах ажиллагаа явуулаад зарим зүйл дээр нь дүгнэлт хийгээд, зарим дээр нь тухайн иргэнд өөрт нь хариу өгөөд, заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг арга замаар гомдлыг шийдвэрлэж байгаа.
Есдүгээр сарын 8-нд Цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл “УИХ-ын гишүүн Нарантуяа буюу Нара УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчиж байна” гэсэн агуулгатай гомдлыг гаргасан. Өнөөдөр шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Ирсэн гомдлыг шийдвэрлэхдээ, нэгдүгээрт УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг эрх бүхий ямар аль байгууллага шалгах ёстой вэ гэдгийг тодорхойлоод, тэр байгууллагад асуудлыг уламжилна. Тухайлбал, ХЭҮК нь хэн нэгний ёс зүйн асуудлыг хэлэлцдэггүй. Энд хүний эрхийн зөрчил байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлж, хэрвээ хүний эрхийн зөрчил гарч байгаа бол холбогдох дараагийн шатны арга хэмжээнүүд авдаг.
ХЭҮК-оос Казах иргэд, мөн тэр дурдагдаад байгаа Баян-Өлгий аймагт байгаа бусад цөөнх иргэдийн аль алиных нь эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх ажил үргэлжлээд явж байгаа. Мөн бид ирэх долоо хоногоос газар дээр нь очиж ажиллахаар төлөвлөж байна.
Энэ оны зургаадугаар сараас хойш ХЭҮК-д Казах иргэд ялгаварлан гадуурхаж байгаатай холбоотой нийт 21 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой хоёр гомдлыг эрүүгийн болон зөрчлийн хуулийн шинжтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
ХЭҮК нь энэ төрлийн мэдээллийг холбогдох байгууллагад нь шилжүүлэх үүрэгтэй. Харин “Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль”-ийн 22.2 дугаар зүйл-д “Аливаа төрлийн мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох хориотой” гэж заасан байдаг учраас хэрэг ямар шатандаа явж байгааг хянах боломжгүй" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх