Драма

Б.Энхтулга
2026-09-11

Солонгосын олон ангит “драма” (үйлдэл) нэгэн цаг үед монголчуудыг бүхэлд нь байлдан дагуулж байсан үеийг санаж байгаа л биз дээ. Сайхан хайр дурлал хорт хавдраар хагацаж, сайхан гэр бүл араар тавилтаас болж салж, өсвөр насныхан нэгнийгээ гадуурхаж тамлах гээд л. Уг нь авах зүйл ховор. Гэхдээ л монголчуудын дийлэнхийг дэлгэцийн өмнө уядаг. Тэдгээр кино өсвөр үеийнхнийг үе тэнгийн дээрэлхэл рүү, салсан гэр бүлийг нэгнээ үзэж чадахаа больтол, дарга болохын тулд найзыгаа хорлож болдог оюун санаанд биднийг хөтөлсөн. Бүр давраад ярих юм бол угаас орос улсаас уламжилж авсан архичин занг нь хүртэл улам өдөөсөн. Үүнийг шил сөжү тонгойлгосон охид, залуус хаа сайгүй байдаг болсноос харж болно. Ер нь "драма" бидэнд өгсөн сайн зүйл үгүй. Үүнтэй ижилхэн Солонгос улсын улс төрийн “драма”-г хүртэл монголын улс төрчид тэр чигт нь хуулан авч өнөөдөр төрийн ордныг “Penthouse” киноны үйл явдал шиг л болгож байна. Баячуудын амьдардаг тэр орон сууцын хамгийн дээд давхарт амьдрахын тулд замдаа таарсан бүхнийг ямар нэгэн аргаар хорлож, алдаг шиг л. МАНай улс төрчид төрийн эрхийг хэн нь авах вэ гэж илээр бүтэн нэг жил хагас ноцолдож байна. Далдуур угаас байсан нанчилдаан ил болж байна гэдэг бол болохоо байсан гэдгийн шинж юм. Өнгөрсөн жил анх ил цагаандаа нанчилдаад ирэхээр нь бүх л хүн шок болж байв. Аливаа зүйлд дасах чадвараасаа болж амархан залхдаг монголчууд удахгүй дүлийрч эхэлсэн. Тэгсэн МАНай хэд улам л “рецидив” (засаршгүй гэмт хэрэгтэн) шиг аашилж нэгнийгээ нүдэж эхлэв. Нам хоорондоо намынхаа эрх мэдлийн төлөө тэмцэлдвэл тэр намын л асуудал болно. Харин эрх барьж байгаа нам хоорондоо сөргөлдөөд ирэхээр улсын асуудал болж хохирол нь ард түмэн дээр буудаг нь гай юм аа.

Драма С.Амарсайхан танхимыг дахин орхисноор үргэлжилнэ...

Л.Оюун-Эрдэнэ таван жил Ерөнхий сайдын өрөөнд суугаад гарснаас хойш түүний суудал дээр хүн тогтохоо байх нь. Г.Занданшатар монголын улс төрийн түүхэнд хамгийн богино Ерөнхий сайд хийж үзсэн улс төрч болон түүний өрөөг суллаж өгсөн. Одоо харин Н.Учралын ээлж болох гээд байх шиг. Хүн тогтдоггүй шидтэй суудал гэмээр. Л.Оюун-Эрдэнэ цүнхнээс болж унасан бол Н.Учралд харин “тендер” (худалдан авах ажиллагаа) гай болох нь. Ээжийнх нь эзэмшлийн сургууль хүсэлт өгсөн, өгөөгүй гээд энэ талаар мэдээлэл та бүхэнд ханасан гэж бодоод дэлгэрэнгүй дурдахгүй өнгөрлөө. Гол зүйлээ л бичье. Засгийн газар унах уу эсвэл дотроо хөдөлгөөн хийх үү гэдэг дээр тулж иржээ. Хэрвээ Н.Учрал энэ байдлаасаа хурдхан гарч чадахгүй бол хар багаасаа хүн унагаад сурчихсан Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс түүнийг булан тойроод бүдрэхэд нь дэвслэх гээд бэлэн зогсож байгаа. Үнэхээр тийм гоомой зүйл хийсэн бол Н.Учрал булан тойрч бүдрэхээс өөр зам байхгүй. Хариуцлагаа үүрэхээс өөр аргагүй л гэсэн үг л дээ. Харин улс төрийн ажиллагаа байж таарвал түүний эсрэг тэмцэх биз. Үе үеийн Ерөнхий сайд нарын өдөр болгон тэмцэл байдаг ч Н.Учралын энэ удаагийн тэмцэл арай ондоо түвшнийх бололтой. Засгийн газар дотор нь нөгөө хүчнийхний хүмүүс нь багтсан, төсвийн тодотгол нь ирэх оны оруулж ирсэн төсөвтэйгөө хамт олны эсэргүүцэлд очсон, ээжийнх нь сургуулийн асуудал гээд эгзэгтэй мөч. Арваас илүү буудуулсан айхтар намын ах нар нь л энэ зовлонг нь нимгэлж өгөх байх. Түүнээс эргэн тойронд нь шавсан залуус түүнд туслах нь байтугай хорлонгоо алдсан. АТГ-руу төсвийн номоо бариад явчих гэсэн агуу санааг гаргасан бол шүү дээ.

Одоо Н.Учрал Засгийн газарт шингэсэн Л.Оюун-Эрдэнийн хүмүүсийг чөлөөлөх байх. Хамгийн эхний хүн нь мэдээж С.Амарсайхан. Яагаад вэ гэж үү. Яагаад гэвэл тэр хууль хүчний байгууллагыг нь атгаад сууж байгаа. Түүний эрх мэдэлгүйгээр хэн нэгний хоолойг багалзуурдаж чадахгүй гэсэн үг. Дараа нь Л.Энх-Амгалан байж болох юм. Нэг хэсэг одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг улс төрийн хүрээнд “могой” гэж хочилдог байсныг санаж байгаа байх. Б.Энхбаяр хүнийг гурав ороож байгаад багалзуурддаг бол Л.Энх-Амгалан гуч ороож байгаад багалзуурддаг хэмээн улс төрийн хүрээнд ярьдаг. Алсдаа хамгийн том гай тарих хүн бол тэр байж магадгүй. Саяын болсон үйл явдал… за байз үйл явдал гэхээр тод буухгүй байж магадгүй. “Эксел” ажиллагаа гээд нэрлэчихье. Түүнийг Л.Энх-Амгалангийн нэг ороолт гэж нэг хэсэг нь ярьж байх жишээтэй. Н.Учрал ч өөрөө танай Засгийн газраас таны эсрэг ажиллаад байгаа хүн байна уу гэж асуух үед нэлээд бодонгоо шалгана гэсэн хариулт өгч байгаа харагдсан. Тэгэхлээр түүний засаг дотроо ямартай ч эвлэж өгөхгүй байгаа нь илт байх шиг. “Эксел” ажиллагааны эзэн Л.Энх-Амгалан биш Н.Учралын алдаа байсан гэж бодъё. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй эрх мэдлээ хадгалахаар улайрах юм алхам хийнэ гэж тооцъё. Тэгвэл золигт гаргах нэг хүн хэрэгтэй. Тэр нь Сангийн сайд З.Мэндсайхан байж болохоор. Түүний боож оруулж ирсэн төсөв нь, тайлбарлаж байгаа байдал нь нэг л мэргэжлийн биш. Тийм ч болохоор олон хүний дургүйг хүргэж хөлсөө цувтал баалуулж яваа. Бас Л.Оюун-Эрдэнийн оруулж ирсэн хүн. Туг тахихад тал талаасаа болзлоо өөрөө хангаад яваа хүн юм.

Б.Жавхлангийн зүүд…

Засгийн газар унагах ажиллагаа амжилттай болоод Н.Учрал ажлаа өгдөг дээрээ тулах юм бол дараагийн Ерөнхий сайдын асуудал нам дотор яригдаж эхэлнэ. Хэн мэдлээ МАН-ынхан айхтар юм болохоороо аль хэдий нь “Б” төлөвлөгөөгөө гаргаад хэдэн хүний нэр зоочихсон ч байж мэднэ. Гэхдээ тийм мэдээлэл одоогоор алга. Харин ганц нэг сэрүүн зүүдэлсэн хүмүүс ордноор явж байгаа тухай яригдаж байна. Онцолж хэлбэл Сангийн сайд асан Б.Жавхлан толь руу ширтэн “би байвал ямар вэ” гээд зогсож байгаа бололтой. Нам ч бас тайван бай гээд хэлчхээгүй гэв. Л.Оюун-Эрдэнийн дарангуйлалд хоёр улиран Сангийн сайд хийсэн тэрээр аль аль талдаа муу нэртэй биш дундын улс төрч. Хүчний тэнцвэр хааш хэлбэлзэнэ түүний донжийг голтой олдог нэгэн. Ганц муу нэрээ Сангийн сайд хийсэн дөрвөн жилийн хугацаанд улсын төсвийн мөнгийг хааш яаш хэт задгай боосон үйлээрээ дагуулдаг. Гэхдээ энэ нь сэрүүн зүүд байх магадлал дэндүү өндөр. Н.Учрал унахгүйн төлөө бүхий л аргыг хэрэглэнэ. Уналаа ч Б.Жавхланд Ерөнхий сайдыг өгөх эсэх дээр “зургаа” (Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх) эргэлзэж таарна. Тэгээд ч намын тэр том босгыг давж алхах нь юу л бол.

Н.Учрал тойргийн гадуурх хэл амыг өөртөө татав…

Төсвийн тодотгол УИХ-ын ээлжит бус чуулганаар орох үеэр Н.Учрал “хот мега төсөл гэж олон гүүр, зам, барилгад хий дэмий мөнгө үрсэн” гээд аваад хаячхав. Үүнийг нь мань дарга асан Х.Нямбаатар яаж дуугүй өнгөрөөх билээ. Орой нь сошиалд орилоод л ороод ирэв. Ингэхдээ “Н.Учрал хотоос сэлбэ дэд төвд зарцуулахаар гаргаад байсан үнэт цаасны мөнгийг улсын төсөв рүү татаж шархаа нөхөж байгаа” хэмээн дайрах нь тэр. Зүгээр гудамд явж байгаа нохойг чулуу шидэж ярдаглуулдаг жаал шиг л юм болов. Хаа хаанаас өрсөн хөзрөөр тоглож байгаа ч хааяа нэг өнжих аминд ордог юм ш дээ Ерөнхий сайд аа.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe