17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлэх өөрчлөлт орсныг Ерөнхий сайд Н.Учрал, Риотинто группын захирал Саймон Тротт нар мэдэгдлээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулснаар менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар 8 орчим их наяд, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 их наяд төгрөг нийт 30 орчим их наядын зардлыг бууруулж чадлаа. Оюутолгой төслөөс авах нодол ашгийг 2027 онд хуваарилах, монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр мөн тохиролцжээ.

Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах тохиролцоогоо эцэслэн, гарын үсэг зурлаа. Амаргүй хэлэлцээний эцэст ийм чухал тохиролцоонд хүрсэнд баяртай байна. Аливаа асуудлыг нухацтай ярилцаж, харилцан итгэлцэж, хамтарч ажиллавал гарц олддог. Энэ удаа ч тэглээ. Үйлдвэрлэл ч өсөж, үүнийг дагаад удаан хүлээгдсэн асуудлуудад шийдэл олохын төлөө манай хамт олон ч их хичээж ажилласан. Энэ ажилд хүчин чармайж ажилласан Монгол Улсын Засгийн газар, Чингис хаан Үндэсний баялгийн сан нэгдэл Erdenes Mongol, Erdenes Oyu Tolgoi, Rio Tinto групп болон оролцсон нийт хамт олонд баярлалаа.

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт: Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа. Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна. Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна.
Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно. Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал илэрхийлье. Монголын ард түмэнд маш их баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх
Graph.mn Rio Tinto эсвэл өөр нэг Либерал талын гар хөл.
Хардагч
Дэмжих үү?
1 0