“Цахим үндэстэн” дунд хугацааны хөгжлийн бодлого 2022 онд батлагдсанаас хойш хэрэгжилтийг дүгнэх, эрчимжүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас “Цахимд хэвшье” өдөрлөгийг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн 21 аймагт зохион байгуулж байна.
Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа” талаараа онцоллоо.
Баруун бүсийг отголж, өнөөдөр (2024.04.12) Завхан аймагт ажиллав. Завхан аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр улсын хэмжээнд наймдугаарт эрэмбэлэгджээ. Мөн иргэдийн 47 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна
Өдөрлөгт программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, хувийн хэвшлийн төлөөлөл, И монголиа, Дата төв аймгийн иргэд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, сурагчдад мэдээллийн технологийн боловсрол олгож, цахимтай холбоотой мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ хүргэв.
Ийнхүү төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхийг зорьсон өдөрлөгийг 12 аймагт зохион байгууллаа. Үргэлжлүүлэн зүүн, хойд, төвийн бүсэд ажиллана.
Сэтгэгдэл үлдээх