Ккк

Б.Энхтулга
2026-09-15

Эрэгтэй хүнтэй чат бичиж байх үед нөгөөх нь “ккк” гэж инээх үйлдлээ төлөөлүүлж бичихээр юм авчихдаг эмэгтэйчүүд байдаг даа. Муухай зальтай ч юм шиг, хүүхэмсэг ч юм шиг санагдаад. Өнөөдөр мань Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ яг нэг тиймэрхүү жуумалзаад л гараад ирдэг юм байна. Чуулган нээж байгаа болохоор ирж ирцээ бүртгүүлчхээд гарч яваа нь тэр. Тэр үед нь сэтгүүлчид одоо өрнөөд байгаа улс төртэй холбоотой асуултуудаар булж гарлаа. Манай хүн ч дуртай нь аргагүй яриа өгч байна. Аргагүй шүү дээ өөрийнх нь нэр дор явдаг хэдэн гишүүнийг нь хэмлээд байгаа юм чинь. Ингэхдээ Н.Учралыг хувь хүнийх нь хувьд дэмжээд байгаа. Харин өөрийн бодлоор явахгүй хүний үгээр яваад байна гэв. Тэр Г.Занданшатарын хөлийг ороож унагасан. Одоо Н.Учралын хүзүүг ороож унагах гэж байна хэмээн ЗГХЭГ-ын Б.Энхбаяраар төлөөлүүлж ярилаа. Үнэндээ У.Хүрэлсүхийг хэлээд байгаа гэдгийг бүгд л гадарласан байлгүй. Н.Учралд Б.Энхбаяр зөвлөөд л Н.Учрал түүгээр нь яваад байна ч гэж юу байх вэ. Л.Оюун-Эрдэнэ улс төрчид байх ёстой занг нь биш байх ёсгүй муу талуудыг нь их сурсан хүн шиг санагддаг. Зальтай, үнэнч биш, буруу амбицтай, шударга байж чаддаггүй, харизмагүй гэх мэт. Өнөөдөр яриа өгч байх үед түүний энэ чанарууд ерөнхийдөө цухалзав. Н.Учралын Засгийн газрыг дэмжиж байгаа засгийн газрыг унагалаа гээд юу ч шийдэгдэхгүй гэх мэт яриа нь олон нийтэд өөрийнхөө далдуур тэмцээд байгаа гэдгийг нуух гэж байгаа мэт. Нөгөө наашаа харж инээж цаашаа харж уйлна гэдэг шиг л. Яг үнэндээ МАН-ын энэ том хагарлыг анх эхлүүлсэн хүн нь тэр өөрөө. Тэмцлийг эхлүүлсэн хүн тэг дунд нь ирээд би яагаа ч үгүй гээд зогсож байхыг хараад мэл гайхав. Н.Учралд өөрт нь учир байгаа юм биш үү гэж зарим нь эргэлзсэн байх. Ингэтэл нь хүмүүсийг сэнхрүүлж чаддаг зальтай хүн юм. МАН-ын хагарлыг анхнаас нь бичиж, ярьж байсан би хүртэл тэр зуур юу билээ гэж “паника”-т (Мэгдэх, сандрах) орлоо ш дээ.

Нэг яриа бас сонирхол татлаа. “Н.Учралын оруулж ирсэн 43.6 их наядын зарлагатай төсвийг улс төрийн хүрээнд дэмжинэ. Гэхдээ намын удирдлагууд эв нэгдлээ хэрхэн хангахаас бас шалтгаална” гэх. Түүний одоо хийж байгаа улс төрийн гол зорилго ердөө л энэ хоёр өгүүлбэрт багтаж байгаа юм. Хэрвээ Н.Учрал Л.Оюун-Эрдэнийн талаас хүсэж байгаа зүйл дээр тохиролцож чадвал төсвийн тодотгол, 2027 оны төсвийг дэмжинэ. Үгүй бол тэд чуулганы үүдэнд элгээрээ хэвтээд ч болтугай тээг, саад болох болно. Ингэж чадах хүмүүс ч түүнд бий. Хүчний хувьд Н.Учрал нь илүү ч буруу тогловол намаа ч самрах хэмжээний юм болох учраас тэнцвэрийг хадгалах нь чухал. Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх дөхөж байгаа энэ үед аль болох эв нэгдлийг хангах хэрэгтэй. Муу нэртэй л болохоос биш Л.Оюун-Эрдэнийг дэмждэг намын дод, дэд бүтцийнхэн байсаар л байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. Яг одоо Төрийн ордны Сүхбаатар танхимд хуралдаж байгаа МАН-ын бүлгийн хурлаас зарим зүйл тодорхой болох байх. Тэд төсвийн тодотгол болон төсөв дээр санал, бодлоо солилцон хэрхэх эсэх хуралдаж байгаа. Яаж бас зүгээр байх вэ намын дотоод асуудлаа ч ярина. Л.Оюун-Эрдэнэ сүржин биш ч эвтэйхнээр олон нийтэд тоглолтоо хийчхээд орчихлоо. Одоо Н.Учрал ямар хариу барих юм бол доо гэж.

Энэ бичвэрт Л.Оюун-Эрдэнэ бол чөтгөр Н.Учрал сахиусан тэнгэр гэсэн ойлголт төрүүлэх гээгүй юм шүү. Бүх дэвшүүлсэн санаа, таамаг бодит үйл явдлаас сэдэвлэсэн болно.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe