Монголын триатлонч Г.Ганчимэг Японд болсон “IRONMAN Japan South Hokkaido 2026” тэмцээний бүтэн зайг 11 цаг 43 минут 31 секундэд туулж, насны ангилалдаа хоёрдугаар байр эзэлжээ. Ингэснээр Хавайн Кона хотод зохион байгуулах "IRONMAN World Championship"-д оролцох эрх авсан Монголын хоёр дахь тамирчин боллоо. Тэмцээн энэ оны есдүгээр сарын 13-нд Японы Хоккайдо мужид болжээ. Бүтэн Ironman төрөлд тамирчид 3.8 км сэлж, 180 км дугуй унан, 42.2 км гүйдэг бөгөөд нийт 226 км замыг туулдаг аж.

Тамирчин Г.Ганчимэг өмнө нь "IRONMAN" Western Australia" тэмцээний бүтэн зайг амжилттай дуусгаж байжээ. Мөн "IRONMAN" 70.3 Port Macquarie, Busselton, Noosa зэрэг олон улсын тэмцээнд оролцсон туршлагатай аж. Түүний энэ удаагийн амжилт Монголын триатлоны тамирчид дэлхийн хамгийн нэр хүндтэй тэсвэрийн спортын тэмцээнүүдэд өрсөлдөх хүрээгээ тэлж буй онцлох үйл явдал боллоо.
Сэтгэгдэл үлдээх