“Солонго 1,2” төслийн орон сууцны сонгон шалгаруулалт, "Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны ашиглалтад орох хугацаа болон улсын хэмжээнд царцсан барилгуудыг шийдвэрлэх талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан мэдээлээ.
Тэрээр “Солонго 1, 2 орон сууцны сонгон шалгаруулалт 10-р сарын 10-наас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар явагдаж, 11-р сарын 1-нээс айлууд нүүж орно. Тус орон сууцны м.кв нь 4сая 428 мянган төгрөг байхаар тогтоосон.
Ерөнхий сайд, Засгийн газар хамтран зорилтод 9 бүлгийн иргэдэд тус орон сууцны 30 хувийн урьдчилгааг 15 хувь болгон бууруулж, ипотекийн зээлд хамруулахаар зохицуулсан. Шударга сонгон шалгаруулалт явуулахын тулд иргэдийг цахимаар 100 онооны системээр бүртгэж байгаа. Тиймээс хүний нөлөөлөл орохгүй гэж ойлгож болно.
Ногоон нуур 1008 айлын орон сууц энэ онд багтаж ашиглалтад орно. Үүнд 756 айл нь газар чөлөөлөн солих гэрээтэй. Харин 250 айл нь зөвхөн түрээсэлнэ. 1008 айлын орон сууц барихаар газар чөлөөлсний үр дүнд ойролцоогоор 8000 айлын дараагийн орон сууцны төсөл орохоор явж байна.
Мөн Засаг Даргын Тамгын газар, Газрын албатай өнгөрсөн 6-р сараас эхлээд Ногоон нуур орчмыг тойрсон Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол гэсэн 4 дүүргийн 8 байршилд газрын үнэлгээнүүд хийж байгаа. Ингэснээр тухайн дэд бүтцэд ойрхон айлууд дараагийн төсөлд хамрагдах боломжтой юм. Айлуудын сонгон шалгаруулалтыг энэ оны 10-р сард багтаан сонгоно. Мөн ирэх долоо хоногт би өөрийн биеэр айлууд товлож, уулзахаар төлөвлөж байна.
Улсын хэмжээнд 800 гаруй барилга царцсан буюу зөвшөөрөлгүй баригдсан. Үүнээс дийлэнх нь нийслэлийн хэмжээнд байна. Эдгээрийг шалтгааныг нь харгалзан үзэж шийдвэрлэнэ” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх