ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа ардаа алтны уурхайтай Б.Оюутболд гэж хүнийг Экологийн цагдаагийн даргаар томилсон. "Вайнд майнд" ХХК 5 тэрбум төгрөгийг хээл хахуульд өгсөн асуудал бий. Намайг ч элдэв хүмүүсээр дамжуулж, худалдаж авахаар оролдсон. Үүний цаана Г.Занданшатар, Б.Оюутболд нар байгаа” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Б.Оюутболд үүнд тайлбар өгсөн бөгөөд “Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн. Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө.
Тухайн мэдээлэлд дурьдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон.Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.
Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар Шүүхэд нэхэмжлэл гаргах болно.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуулинд хуульчилсан байдаг” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх