Сүүлийн нэг долоо хоногийн улс төрөөс шалтгаалан нэр бүхий улс төрчид Авлигатай тэмцэх газрын үүдийг татна, татуулна гэж мэдэгдэл их хийлээ. Зарим нь бүр хөтлөлцөөд хамт очиж шалгуулах юм байх өө. Хөгтэй ч юм болох гэж. Бидний ой санамж устчихаагүй бол нэг жил гаруйн өмнөөс эхэлсэн МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл хэд хэдэн хүний хэргийг АТГ болон Цагдаагийн Ерөнхий газарт түгжчихээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Х.Булгантуяа, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига авсан Д.Амарбаясгалан, орлогоо нотлох ёстой Л.Оюун-Эрдэнэ, сонгуулийн хууль зөрчсөн Э.Болормаа зэрэг эрхмүүд энд багтана. Шийдээд буруутай бол буруутай, буруугүй бол буруугүй гээд зарлачих хугацаа хангалттай л өнгөрлөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө хүртэл энэ хүмүүсийг гэмт хэрэг хийсэн гэж яриад зогсож л байсан. Гэвч бид ч мартаж тэд ч мартаж. Тэгсэн мөртөө тэмцлийнхээ дараагийн ангийг эхлүүлээд чи ч шалгуул би ч шалгуулъя гээд явж байх юм. Авлигатай тэмцэх газар цагдаагийн газар бол хийх ёстой ажлаа хийчхээд аль хэдий нь эцэслэчихсэн л байгаа. Манай хууль, хяналтын байгууллагын нэг давуу тал нь бага хүчээр ажлаа маш хурдан шуурхай хийдэгт байдаг. Харин үүнийг нь улс төрчид улс төрдөө ашиглах гээд хэзээ хэрхэн яаж ил гаргахыг нь л шийдээд байдаг болохоос биш.
Энэ цаг үеийн улс төр ч гэсэн яг үүнтэй ижил болоод дуусна. Тийм учраас хэл аманд өртөөд байгаа улс төрчид АТГ-т шалгуулна гэж их бардам ярьцгааж байгаа байх. Бараг “АТГ-т шалгуулна” гэдэг нь тэднийхээр би буруугүй гэдэг үг болчихсон ч юм шиг. Энэ нь явсаар “поп” болох хүслийн жагсаалтын эхний хүсэл болж хувирах вий. Нэг талд нь шударга ёс сахиулах гэж төрийн албан хаагчид нь өдөр, шөнөгүй ажиллаад байдаг. Нөгөө талд нь улс төрчид нэр хүндийг нь шаварт зуураад байдаг.
Ерөнхий сайд АТГ-ын салхийг хагалав...
Ээжийнх нь эзэмшдэг “Их Засаг кинг” сургууль нь улсын төсвөөс санхүүжилт авах гэж байсан хүснэгт гарч ирсэн өдөр Ерөнхий сайд Н.Учрал АТГ-т өөрийн биеэр очин өөрийгөө шалгуулах хүсэлт өгөх нь тэр. Шууд удирдлагыг нь томилдог хүн бараг гэртээ орж байгаагаас ялгаа юу байх вэ дээ. Ямартай ч тэр салхийг нь хагалж өөрийнхөө буруугүй гэдгээ нотлох анхны азтан болсон нь энэ. Өнгөрсөн долоо хоногт өгсөн хүсэлт өдийд арай шийдэгдэх болоогүй байж магадгүй. Гэхдээ өнөөгийн улс төрийн тэмцэл Н.Учралын хоолойг багалзуурдаж амжихгүй бол тэр хэрэг цааш явахгүй тэндээ хэсэг саатах биз. Болохоо байгаад ирвэл харин хамааралгүй эсвэл буруугүй гэсэн бичиг гарч ирж таарах байлгүй. Цаг үе нь шийднэ.
С.Амарсайхан ба Г.Занданшатар...
С.Амарсайханаас эхэлсэн улс төрийн үймээнд хэчнээн ч хүн татагдаад орчхов. Ёстой нөгөө хүрээнийхээ бузрыг дэлгэж өгдөг юм даа. Барин тавин хийсэн С.Амарсайханы мэдэгдлийн гол дүрүүд нь улс төрд идэвхтэй байгаа Б.Энхбаяр улс төрөөс холдоод яг хагас жил болсон Г.Занданшатар нар байж таарав. Шүүхийн шийдвэрийн харьяа байсан нүүрс болон гантиг чулуун хоёр ордыг хувьдаа ашиглах гэж оролдсон, хуулийн байгууллагын удирдлагуудтай хуйвалдаж алтны уурхайн эздээс санхүүжилт авсан гэж мэдэгдлийнхээ үеэр Г.Занданшатарыг албан бусаар ялласан. Харин одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үедээ цагдаагийн албан хаагчдыг цомхотгож тэдний 13 дахь сарын цалинг нь ШШГЕГ-т шилжүүлсэн нь дээрх Г.Занданшатарын хэрэгтэй холбоотой гэв. Ингээд мөн л хуулийн байгууллагаар дээрх хэргүүдийг шалгуулж үнэнийг тогтоолгохоор боллоо.
Түүний энэ мэдэгдэлд он, цагийн алдаатай гурван зүйл байв:
-Хөвсгөл аймаг дахь “Нүүрстэйн ам”, Төв аймаг дахь “Авдрант хайрхан” УТААҮГ сэргээн байгуулах тогтоолын төслийн он, сар нь 2026.07.20 гэж гарсан нь нэг дэх алдаа. Г.Занданшатар 2026 оны 3 дугаар сарын 27-нд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тийм учраас дөрвөн сарын дараа тогтоолын төсөл гаргах эрх зүйн боломжгүй юм.
-2026 оны дөрөвдүгээр сарын 5-нд Экологийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг шөнийн 23:00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатар томилсон гэдэг нь хоёр дахь алдаа. Мөн л он цагийн хувьд тухайн үед Г.Занданшатар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн байсан. Ерөнхий сайд байсан ч Г.Занданшатар Экологийн цагдаагийн албаны даргыг томилох, чөлөөлөх эрх байхгүй.
-Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайд хийж байгаагүй. Шадар сайдын хувиар тэд нэг танхимд хамтран ажиллаж байсан. Энэ бол гурав дахь буюу хамгийн том алдаа байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хийсэн С.Амарсайханы хамгийн сүүлийн мэдэгдэлд гол дүрд тоглосон Г.Занданшатар яаж дуугүй өнгөрөх вэ. Узбекистан улсаас улс төрийн хэрүүлд орж ирэх нь тэр.” МЭДЭГДЭЛ” гэж чанга дуугаар гарчиглаж байгаад өөрийг нь илтэд гүтгэсэн учир С.Амарсайханд хуулийн байгууллагад хамт очиж шалгуулах урилга хүргүүлэв. Тэднийг АТГ-руу хөтлөлцөөд алхаж байвал цочих хэрэггүй л болж байх шиг байна. Энэ үеэрээ мань Г.Занданшатар улс төржихөө бас мартсангүй ээ. Айхтар гарчигтай мэдэгдлийнхээ төгсгөлд улс төр надаар дутаж байгаа тул ард түмэнтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийнэ гээд аваад хаясан. Ер нь бол улс төрд эргэж ирнэ гэдгээ л хэлээд байх шиг. Ерөнхийлөгчийн амбицтай явж байгаа ч эргэж буцах шалтгаанаа олж өгөхгүй байсан түүнд “МЭДЭГДЭЛ” маш том шалтгаан болж өглөө.
Хэн нь “Түгжил” болохоо шийдэх хамтрал...
Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг кинг” сургууль улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авах гэж байсан баримт Хүний хөгжил, нийгмийн байнгын хороон дээр яригдсан тэр өдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд хар өдрүүдийнх нь нэг байв. Төрийн нарийн бичгийн дарга нь цагийн ой санамжтай болгон харагдуулж өглөө ярьсан үнэнийг үдээс хойш нь худал болгон яриулж үзлээ болсонгүй. Өөрөө орой нь дурлалын хот Парисаас бичлэг хийж нэг үзлээ бас л болсонгүй. Ингээд Монголд ирмэгцээ хэвлэлийн хурал зарлаж хэн нэгнийг шонд өлгөж үзүүлэх байсан нь УИХ-ын гишүүн Б.Ариунзаяа, О.Саранчулуун нар болж таарсан. Тэднийг судалгаа явуулж байсан материалыг танил талаа ашиглан яг Ерөнхий сайдтай холбоотой байсан хүснэгтийг сугалж аваад миний Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан асар том нүгэл хийлээ гэж ярив. Үргэлжлүүлээд өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ нотлохын тулд хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгөхөө зарлаж ээлжит нэгэн АТГ-ын хаалга татах азтанаар тодорсон. Тэгсэн УИХ-ын гишүүн Б.Ариунзаяа хоёулаа хамт хөтлөлцөөд явж шалгуулъя гэж түүнийг хань татлаа. Г.Занданшатар, С.Амарсайхан хоёр хосолсон бол Л.Энх-Амгалан, Б.Ариунзаяа нар хосолж таарах нь. Харин О.Саранчулуун гишүүн хэн нэгнийг хорлох гэж хийсэн үйлдэл биш төсвийн задаргааг нь харах гэж л байнгын хорооны референтээс (зохицуулах ажилтан) авсан хүснэгт байсан гэж гэмгүй тайлбар өгсөн. Манай улс төрийн асуудлын хажууд авгай, нөхөр хоёрын айхтар хэрүүл юу ч биш юм даа гэж.
Дайны хажуугаар Х.Нямбаатар...
Хотын дарга асан Х.Нямбаатар БНХАУ-ын цаасан дээрх компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгсөн асуудал одоо ч шүүх дээр явж байгаа тухай одоогийн хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдрийн Засгийн газрын хэвлэлийн хурлаар ярилаа. Мань хүн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хэвлэлд ярьснаар Канад руу оргон зайлсан юм байх. Х.Нямбаатар өөрөө бол мэдлэгээ дээшлүүлж байна л гээд байгаа. Улс төрийн урд эгнээнд байсан хүн айхтар хэрүүл харахаар ямар нэгэн юм хэлчихмээр санагддаг байх. Ойлгож байгаа түүнийг. Тийм болохоор үе үе орж ирнэ. Өмнө нь Ерөнхий сайдыг одоогийн хотын даргатай хамт нэг гөвж өгсөн. Энэ удаад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай их хэрүүлийн хажуугаар ам зөрөөд амжлаа. Гэхдээ Канадад л байгаа болохоос биш МАН-ын хагарлын бас нэгэн гол дүр нь яалт ч үгүй тэр юм. Үеэл шигээ улс төрийн тайзнаас хөөгдөж буусан түүний сэтгэлд өс биш юм аа гэхэд гомдол байдаг л байлгүй дээ. АТГ хавиар эргэлдэж байхыг үгүйсгэхгүй л хүмүүсийн нэг.
Нэгэн цагт ... дугаар хорих ангид Монголын улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж явсан эрхмүүдийг "набор" шиг л цуглуулж байсан. Тэр эрхмүүд хоорондоо эндээс бараг аятайхан, чадварлаг хамтарсан засгийн газар ч гараад ирэх юм байна гэж нэгнээрээ тохуурхаж байсан гэдэг. Түүн шиг л АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөх гэж байгаа улс төрчдөөр бараг Засгийн газар бүрдүүлэхэд болохоор л болж байх шиг. Бүгд хэлснийхээ дагуу шалгуулаад үнэн нь тогтоогдоосой билээ. Улс оронд чинь улс төрийн хэрүүлийн дэв шингэчхээд байна шүү улс төрчид минь. Ард түмэн бид залхаж байна.
Сэтгэгдэл үлдээх