135 сурагч өдөрт 0,5 га ургац хураажээ

.Graph
2026-09-17

Шинэ Монгол ахлах сургуулийн 12 дугаар ангийн 135 сурагч “Намрын ажил” амьдрах чадварын хөтөлбөрт хамрагдаж, тариалангийн талбайд ургац хурааж байна. Есдүгээр сарын 13-нд эхэлсэн уг хөтөлбөрөөр сурагчдад хөдөлмөрийн үнэ цэнэ, багаар ажиллах чадвар, тэвчээр, хариуцлагыг бодитоор эзэмшүүлэхийг зорьжээ.

Тус сургуулиас “Намрын ажил” хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хөтөлбөрийн хүрээнд төгсөх ангийн сурагчид өглөөнөөс орой хүртэл тариалангийн талбайд ажиллаж, ногоо ангилах, савлах, ургац хураах ажилд оролцож байна.

Сурагчид эхний өдөр 0.5 га талбайн ургац хураасан бол дараагийн өдөр ажлын бүтээмжээ хоёр дахин нэмэгдүүлж, нэг га талбайн ургацыг хураажээ.

Улсын аварга тариаланч Б.Будалцолмон сурагчдын заавар ойлгох, шинэ орчин нөхцөлд дасан зохицох чадварыг онцлон үнэлсэн байна.

Тэрбээр:

“Шинэ Монгол сургуулийн хүүхдүүд оюуны чадамж өндөртэй юм байна. Аль ногоог аль шуудайнд хийх, алийг нь хаях, талбайд хэрхэн ажиллахыг нэг удаа зааварчлахад маш сайн ойлгодог. Өдөржин нэг зүйлээ давтаж хэлэх шаардлага гардаггүй. Өчигдөр 0.5 га талбай хураасан бол өнөөдөр нэг га талбай хураачихлаа. Тухайн үеийн нөхцөл байдалд зохицох чадвар нь маш сайн байна” гэжээ.

Мөн сурагчид ажлын хувцас, хэрэгслээ бүрэн бэлтгэж, ялаа, шумуул, шороо тоосноос хамгаалах зүйлсээ авч ирсэн нь өмнөх жилүүдэд амьдрах чадварын хөтөлбөрүүдэд тогтмол хамрагдаж байсны үр дүн гэдгийг тэрбээр дурдсан байна. “Намрын ажил” хөтөлбөр нь сурагчдыг зөвхөн ургац хураалтын ажилд оролцуулахаас гадна хамтын хүч, хөдөлмөрийн сахилга бат, бие даах болон аливаа нөхцөлд дасан зохицох чадварт сургаж байгаагаараа онцлог юм.

Сургуулийн зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй тариаланч, ногоочид болон сурагчдыг өдөр бүр чиглүүлэн ажиллаж байгаа багш нарт талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe