Я.Содбаатар: Засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдийг намаас хөөнө

Г.Энэбиш
2026-09-17

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-д орж ирвэл намынхаа Засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдэд хариуцлага тооцож, намаас хөөнө гэж мэдэгдлээ. Тэрбээр МАН-д “30-ын бүлэг” гэх зохион байгуулалт байхгүй бөгөөд намын нэгдсэн бодлогын эсрэг ажиллавал дүрмийн хариуцлага хүлээлгэнэ гэв.

Я.Содбаатар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр болон намын дотоод асуудлын талаар мэдээлэл өгөхдөө Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-д 10 жил ажилласан, туршлагатай парламентчийг нэр дэвшүүлэх саналыг дэмжсэн гэж мэдэгдэв. Гэхдээ нэр дэвшигчийг энэ үеэр нэрлэсэнгүй.

Тэрбээр:

“УИХ-д 10 жил ажиллаж байгаа туршлагатай парламентчаа Хууль зүйн сайдад томилохоор оруулж ирлээ. Удирдах зөвлөл дэмжлээ” гэлээ.

 

Мөн хууль зүйн салбарт үүссэн асуудлыг бүрэн шалгаж, олон нийтэд яригдаж буй хэргүүдийн аль нь бодит болохыг тогтоох шаардлагатайг онцлов.

“Хууль зүйн салбарт үүссэн асуудлыг шалгаж дуусгах хэрэгтэй. Том тоотой хэрэг ярьдаг. Аль хэрэг нь үнэн гэдгийг шийдвэрлэх ёстой” гэж Я.Содбаатар хэлэв.

“30-ын бүлэг гэж байхгүй”

МАН дотор бүлэглэл үүсэж, гишүүд талцсан гэх мэдээллийг тэрбээр үгүйсгэв. Намын бүх шатны байгууллага хуралдаж, эв нэгдлийг хангах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ бямба гарагаас бүсчилсэн зөвлөгөөнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ “30-ын бүлэг гэж байхгүй. Ажлаа өгсөн хүмүүсийн гоморхол яваад байх шиг байна. Гэхдээ цөөхөн хүн бий. Өчигдөр гэхэд Хяналтын хороо дуудаж, тайлбар авсан” гэв.

Түүний хэлснээр МАН-ын 300 мянган гишүүн намын шинэ даргыг сонгосон бөгөөд үүнээс хойш дотоодын талцал, хуваагдлыг зогсоох байр сууринд нэгдсэн байна. Харин зарим хүн хувийн байр сууриа үргэлжлүүлэн илэрхийлж байгааг дурджээ.

“Нэгдсэн бодлогын эсрэг хөдөлбөл намаас хөөнө”

Я.Содбаатар намын удирдагчдыг хооронд нь өрсөлдүүлж, хагарал үүсгэх оролдлого байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.“Намын эв нэгдэл, нэгдсэн бодлогын эсрэг хөдөлбөл намаас хөөгдөнө. Намын дүрэмдээ захирагдана. Энэ нам 20 хүнийх биш, 300 мянган хүний нэгдэл” гэлээ.

-“МАН Засгийн газрыг хамгаалж чадах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр:

“Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар орж ирээд, манай намаас Засгийн газрын эсрэг зүйл ярьсан гишүүд байвал намаас хөөнө” гэж хариулав.

Ийнхүү МАН-ын удирдлага намын гишүүдийг Засгийн газрын асуудлаар нэгдсэн байр суурь баримтлахыг шаардаж, эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд намын дүрмийн хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe