МАН-ын Удирдах зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналыг дэмжлээ. Ийнхүү хууль зүйн салбарын удирдлагыг МАН доторх “30-ын бүлэг”-т хамаатуулан яригдаж байсан С.Амарсайханаас авч, талуудын дундын хувилбар байж болох Г.Тэмүүлэнд шилжүүлэх улс төрийн тохироо хийгджээ. Намын удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн гэв.
МАН доторх эрх мэдэл, албан тушаалын зөрчил намрын чуулгантай зэрэгцэн дахин эрчимжив. Намын нөлөө бүхий улстөрчид нэгнээ гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлаар буруутгаж байгаа ч эдгээр маргааны ихэнх нь хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрт хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. С.Амарсайхан хуулийн сайдаар томилдогдох үед намын нөхөд буюу 30-ын талынхны хэрэг нам дарагдах нь ээ гэсэн ил далд таамаг биеллээ олсон. Үнэхээр түүний үед олны анхаарлыг татаж хүлээлт үүсгэсэн нэг ч хэрэг эцэслэгдсэнгүй. МАН нэг нэгнээ барьцаалсан, чи намайг ичллэх юм би чамайг илчилнэ гэсэн гинжин хэлхээ болсон хулгайнууддаа барьцаалагдан 2 намар талцаж, зодолсоор өнөөдрийг хүрлээ.
2024 оны сонгуулиас хойш МАН-ын 3 дах ЗГ-ын газраа бүрдүүлэн ажиллаж байна. Давхардсан тоогоор бараг 60 хүн сайдын албыг хашлаа. Н.Учралын бүрдүүлсэн Засгийн газруудын бүтэц, бүрэлдэхүүнд дахин хөдөлгөөн орж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсний дараа түүний оронд Г.Тэмүүлэнг томилохоор шийдэлд хүрчээ. Ерөнхий сайд Н.Учрал түүнийг гурван парламентад сонгогдон ажилласан туршлагатай гэж үзэн нэр дэвшүүлсэн гэж намын генсек мэдээллээ.
Г.Тэмүүлэн нь хууль зүйн салбараас илүүтэй төсөв, уул уурхай, төрийн өмчит компанийн удирдлагын чиглэлээр ажилласан намтартай.
Учир нь 2003 онд АНУ-ын American University-г олон улсын харилцааны бакалавр, 2005 онд олон улсын удирдлагын магистрын зэрэгтэй төгсжээ. Ажлын гараагаа 2006 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн мэргэжилтнээр эхлүүлж, улмаар ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажилласан байна.
Түүний ажлын туршлагаас дурдвал:
2009–2014 онд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал;
2013–2015 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
2014–2015 онд Уул уурхайн дэд сайд;
2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн;
2016 оноос хойш УИХ-ын гишүүн;
2022–2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга;
2024 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Ийнхүү УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон Г.Тэмүүлэн төсөв, уул уурхай, гадаад бодлогын чиглэлээр түлхүү ажилласан ч хууль зүйн салбарыг удирдсан туршлагагүй. Тиймээс түүний томилгоо нь салбарын мэргэжлийн сонголт гэхээсээ илүү МАН-ын дотоод хүчний харьцааг тэнцвэржүүлэх улс төрийн хувилбар гэж харагдаж байна.

Г.Тэмүүлэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн хүү. “Жаст” группийн Стандарт банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг барьцаалсан асуудал Ч.Ганзоригийн нэртэй олон жилийн турш холбогдон яригдсан. Уг зээл, баталгаатай холбоотой маргаанаас шалтгаалан “Эрдэнэт үйлдвэр” 40 сая ам.доллар төлж, Стандарт банкны нэхэмжлэлийг барагдуулсан байдаг. Ч.Ганзориг тухайн баримт бичигт өөрийн гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбарыг өмнө нь өгч байлаа.
Гэхдээ эцгийнх нь холбогдсон асуудлыг Г.Тэмүүлэнгийн өөрийнх нь гэм буруутай мэтээр үзэх үндэслэлгүй. Харин улс төрийн замналд нь сөрөг хүчнүүд болон шүүмжлэгчдийн байнга сөхдөг сэдэв хэвээр ирсэн юм.
Сөрөг хүчний зүгээс Ардчилсан намын гишүүд шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдыг танилцуулах УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Ингэснээр Г.Тэмүүлэнгийн томилгоо зөвхөн нэг сайдыг солих асуудал бус, МАН-ын дотоод бүлэглэлүүдийн хүчний харьцаа, Н.Учралын Засгийн газрын тогтвортой байдал болон сөрөг хүчний бойкоттой огтлолцсон улс төрийн үйл явдал болж байна.
Эдийн засаг, төсөв, уул уурхайн салбарт ажилласан МАН-ын залуу үеийн төлөөлөл ийнхүү хууль сахиулах байгууллагуудыг удирдах хариуцлагатай албан тушаалд очихоор болов. Харин салбарт үүссэн итгэлийн хямралыг хэрхэн даван туулах, өмнөх удирдлагын үед дэгдсэн асуудлуудыг хараат бусаар шалгуулж чадах эсэх нь түүний өмнө тавигдах эхний сорилт байх юм.
Сэтгэгдэл үлдээх