Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой Зүрх судасны үндэсний төвийн нэгэн бүтээн байгуулалтын эхлэл тавигдлаа. Монгол, Люксембургийн Засгийн газар хоорондын олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, мэс засал, телемедициний чиглэлээр Монголын эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлж ирсэн. Энэ хамтын ажиллагааны үргэлжлэл болсон Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав өнөөдөр тавигдлаа. Төслийг 2025 онд УИХ-аар хэлэлцүүлж, зээлийн хэлэлцээрийг батлуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажил хийгдсэн юм.

Төслийн хүрээнд 120 ортой шинэ эмнэлгийн барилга баригдаж, зүрх судсан дотуурх мэс заслын эмчилгээ, оношилгоо, яаралтай тусламж, сэргээн засах үйлчилгээний боломж нэмэгдэнэ. Энэ төв ашиглалтад орсноор зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэхээс гадна Монголын зүрх судасны салбарын хүний нөөц, сургалт, судалгаа, эмчилгээний арга технологийн хөгжилд ахиц авчирна гэж салбарынхан онцолж байна.
Сэтгэгдэл үлдээх