Ирж, буцдаг нь хорвоогийн жам. Үүнтэй ижил сайд, даргын суудал ч ээлжтэй, хугацаатай байдаг. Гэхдээ одоогийн эрх баригч МАН-ын сайд нараас хийх ажлаа хийгээд нүүр бардам суудлаасаа буусан нэг ч сайд, дарга байхгүй. Бүгд л ямар нэгэн хэрэг, хэл аманд орж бусдын шахалтаар ажлаа хүлээлгэн өгдөг. Үүний нэг жишиг нь С.Амарсайхан болж байна. Улс төр хийж болох ч гэр бүлийг нь оролцуулан барин дайралт хийсэн нь хаа хаанаа жаахан онцгүй л харагдав. Сонгосон зам нь л хатуу байж дээ гэхээс өөр юу хэлэх вэ. Танхимаасаа хөөгдөх өдрийнхөө өмнөх өдөр С.Амарсайхан өөрийнх нь эсрэг улс төр хийсэн хүмүүс рүү биш гудамд явж байсан Г.Занданшатар руу үхэр бууныхаа сүүлийн сумыг тавилаа. Бүгд л гайхав. Уг нь өөр тийш овоо хараагаа чиглүүлэх ёстой байтал юун Г.Занданшатар ороод ирэв гээд л.
Би биш бол чи ч биш...
30-ийн бүлэг 38-ын бүлэг гээд хоорондоо хуваагдчихсан МАН-ын 30-ийн бүлэг талаас С.Амарсайханыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх сонирхолтой байсан гэдэг. Харин Г.Занданшатарыг анх Ерөнхий сайд болоход л ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх гэж байгаа нь тодорхой харагдсан. 38-ын талаас. Ерөнхий сайдын ажлаа хийнгээ Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж “PR” (Public relations) хийх гэсэн санаа нь л бүтэлгүйтсэн болохоос биш. Түүний бүтэлгүйтэл 30-ийн бүлэгтэй хамааралтай гэж улс төрийн хүрээнийхэн харддаг. Өнгөн дээрээ Ардчилсан нам Н.Учралыг намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой гэдэг шахалт үзүүлснээр Н.Учрал Ерөнхий сайд болж Г.Занданшатар ажлаа өгсөн гэж харагдаж байгаа болов ч цаагуураа 30-ийн бүлэг Ардчилсан намтай хамтарсан байх магадлалтай. За тэр яах вэ болоод өнгөрсөн улс төр. С.Амарсайхан хоёр өдрийн өмнө мэдэгдэл хийхдээ он, сар нь зөрсөн баримт гаргаж Г.Занданшатар руу чиглэсэн улс төр хийсэн нь 38-ын бүлгийнхээ Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг өөртэйгөө хамт чирч унагах л улс төр байсан юм шиг. “Би биш бол чи ч бас биш” гэдэг атаархуу хүнд зориулсан үг байдаг шүү дээ. Яг түүн шиг. Энэ хариу үйлдлийг толгой мэдэж С.Амарсайхан дангаараа хийгээгүй. Хийх ч боломж байхгүй. 30-ийн бүлгийн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс сууж байгаад хийсэн найруулга биз. Зүгээр байраа тавьж өгөхгүй ямар нэгэн байдлаар хохирол амсуулах гэсэн санаа.
Төгсгөл хийх оролдлого эхлэлийг тавив...
Төлөвлөгөө ёсоор ч С.Амарсайхан Г.Занданшатар бол авлигач, дээрэмчин хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамандаа мэдэгдэл хийж “ар нь тотиго” гээд сүүлийн хөзрөө хаяв. Гэхдээ дэлгэсэн тэр хөзөр нь тоглолт дуусгадаг тотиго биш эхлүүлдэг гурав байсан нь алдаа болж хувирсан. Ямар ч модгүй сууж байсан Г.Занданшатарт хожил өгч орхисон. Хамт чирч унаад хэн нь ч Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй үлдэж МАН доторх Ерөнхийлөгчийн “кандитат”-ын (нэр дэвшигч) өрсөлдөөнд дараагийн хүмүүсийг оруулах төлөвлөгөө нурах нь тэр. Хэт их улайрсан үед хааяа андуурч эндүүрэх тохиолдол гардаг л юм. Тэдний энэ үйлдэл улс төрд эргэж ирэх учраа олохгүй байсан Г.Занданшатарт таатайгаар эргэв. Хариу мэдэгдэл гаргаж хамт шалгуулъя гэдэг урилга С.Амарсайханд явуулангаа улс төрийн шинэчлэл хийнэ гэдгээ зарлалаа. Эргээд улс төрдөө ирнэ л гэсэн үг л дээ. Ингэхдээ бүр улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлнэ гэж. Хэрвээ улс төрдөө эргэн ирэх юм бол том улс төрд эргэн орохын тулд жижигхэн шалтгаан хангалттай байдаг гэдгийн нотолгоо нь энэ болох биз. С.Амарсайхан харин их улс төрөөс түр хугацаанд эсвэл бүр мөсөн зайгаа авч орыг нь залгах хүн хоёрдугаар эгнээнээс урагш ахихаар болж байна. Тэр явсан, одоо тэр ирэх нь ээ.
Сэтгэгдэл үлдээх