Завхан аймгийн Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаа үүсжээ

З.Амирлан
2026-09-18

Өнөөдөр /2026.09.18/-ны өдөр Завхан аймгийн Солонготын даваанд цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна гэж Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

9-р сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

2026 оны 09-р сарын 19-нөөс 2026 оны 09-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговь, Сүхбаатарын өмнөд сумд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдаар, 19-ний өдөр Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгий, Увсын зарим сумдын нутгаар, 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Дорнодын хойд, Увсын баруун, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Салхи 19-21-нд тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, говийн бүс нутгаар +22...+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe