Зарим суманд 23–35 насны 100 эмэгтэйд 140 гаруй эрэгтэй ногдож байна

.Graph
2026-09-21

Гэрлэх насны залуусын хүйсийн харьцаа хот, хөдөөгөөр эрс зөржээ

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр гэр бүл зохиох насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байршил хот, хөдөөгөөр эрс ялгаатай байна. Улсын хэмжээнд 23–35 насны 100 эмэгтэй тутамд 103 эрэгтэй ногдож байгаа нь олон улсын түгээмэл хүйсийн харьцаатай ойролцоо үзүүлэлт юм. Гэвч хүн амын байршлаар задлан харвал нийслэл болон орон нутгийн хооронд томоохон зөрүү үүсжээ.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгаас бусад аймагт 23–35 насны 100 эмэгтэй тутамд 104–127 эрэгтэй ногдож байна. Хөдөөгийн зарим суманд энэ үзүүлэлт улам нэмэгдэж, 100 эмэгтэй тутамд 140-өөс олон эрэгтэй ногдох болжээ.

Нийслэлд залуу эмэгтэйчүүд 8,300-аар олон, хөдөөд эрэгтэйчүүд давамгайлав 

Харин Улаанбаатар хотод эсрэг дүр зураг ажиглагдав. Нийслэлд 23–35 насны 100 эмэгтэй тутамд ердөө 94 эрэгтэй ногдож байгаа бөгөөд энэ насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8,300 орчим хүнээр олон байна.

Энэ зөрүү нь залуу эмэгтэйчүүд боловсрол, ажлын байр, эрүүл мэнд болон бусад үйлчилгээ даган Улаанбаатар, томоохон хотуудад илүү олноор шилжин суурьшдагтай холбоотой байж болох юм. Харин мал аж ахуй, уул уурхай, барилга, тээвэр зэрэг эрэгтэйчүүд давамгай ажилладаг салбар төвлөрсөн орон нутагт залуу эрэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр хэвээр байна.

Ийнхүү улсын дундаж харьцаа хэвийн мэт харагдавч аймаг, сумын түвшинд гэрлэх насны хүн амын хүйсийн бүтэц нэлээд алдагджээ. Энэ нь орон нутагт гэр бүл зохиох боломж хумигдах, төрөлт буурах, залуусын шилжилт нэмэгдэх, сумдын хүн ам улам цөөрөх эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Тооллогын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, угсаатны бүтэц, орон сууцны нөхцөл болон хүйсийн харьцааны дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дашбоардаас үзэх боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe